Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орны хөгжил, нийгмийн амьдралын төрөл бүрийн салбарт олон жилийн туршид үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
“Хөдөлмөрийн баатар” цол
Монголын спорт, боловсролын салбарт олон жил үр өгөөжтэй хөдөлмөрлөсөн, чөлөөт бөхийн олимп, дэлхийн хүрэл медальт, улсын харцага, Ардын багш, гавьяат тамирчин, профессор, бэлтгэл хошууч Данзандаржаагийн Сэрээтэрт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг болон Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын жүжигчин цол
Монголын балетын урлагийг хөгжүүлэхэд авьяас билэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ олон жил зориулж, дэлхийн сонгодог болон үндэсний олон балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн, балетын шинэ үеийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяат жүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол жүжигчин, балетмейстр Хоролдаваагийн Гэрэлчимэгт Ардын жүжигчин цол хүртээлээ.
Гавьяат эдийн засагч, хуульч, багш
Эдийн засгийн салбарт олон жил ажиллаж, хоршоолол, орон нутгийн хөгжилд идэвх санаачилгатай оролцсон Завхан аймгийн “Улиастай ирээдүй хоршоо”-ны дарга Алтангэрэлийн Дашдоржид Гавьяат эдийн засагч цол олгов.
Шүүх эрх мэдлийн салбарт үр бүтээлтэй ажилласан, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэг Гавьяат хуульч цол хүртлээ.
Боловсролын салбарт олон арван жил хүчин зүтгэсэн Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгол–Германы хамтарсан 38 дугаар сургуулийн ахмад багш Цэрэндэндэвийн Дамба, АШУҮИС-ийн Дотрын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Сэр-Одын Хишигжаргал нарт Гавьяат багш цол хүртээлээ.
Хүний гавьяат эмч цол
Аймаг, бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ оношилгооны чанарыг дээшлүүлэхэд үр дүнтэй ажилласан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал, клиникийн профессор Шаравын Мэндсайхан, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн эрхлэгч Бадамжавын Эрдэнэбулган нарт Хүний гавьяат эмч цол хүртээлээ.
Барилгын, тээврийн, хөдөө аж ахуйн салбарын гавьяатнууд
Барилгын салбарт олон жил инженер, зөвлөхийн чиглэлээр ажиллаж, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ны зөвлөхүүдийн танхимын гишүүн, “Сонголт дизайн” ХХК-ийн зөвлөх Батсүхийн Бямбажав Гавьяат барилгачин цол хүртлээ.
Тээврийн салбарт удаан жил тууштай ажилласан ахмад тээвэрчин Цэдэндагвын Мигиддоржид Гавьяат тээвэрчин цол олгов.
Хөдөө аж ахуйн салбарт олон жилийн хөдөлмөр, туршлагаараа нэр хүнд олсон Ховд аймгийн Булган сумын өндөр настан Мухаавайн Баатарт Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээлээ.
Өмнөговь аймгийн Манлай сумын ахмад малчин Должинсүрэнгийн Бямбажав Гавьяат малчин цол хүртэв.
Аж үйлдвэр, үйлчилгээний гавьяат ажилтан
Эрчим хүч, дулааны салбарт мэргэжлийн өндөр хариуцлагатай ажилласан “Багануур дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Арчихарын Лхамсүрэн, үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр олон жил бизнес эрхэлсэн “Траст трейд” ХХК-ийн ерөнхий захирал Мандахын Мөнхбат нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.
Үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт удаан жил ажиллаж, олон хүүхэд, сурагчдын хоол тэжээлийн чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулсан Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн ахлах тогооч, хоол зүйч Гаваагийн Сэлэнгэд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Соёл, урлаг, спортын салбарын шагналтнууд
Үндэсний бөхийн спортыг олон жил тайлбарлан хүргэж, соёл, спортын мэдээллийг үзэгчдэд ойлгомжтой, тогтвортой хүргэсэн Үндэсний бөхийн тайлбарлагч Ойдовын Батмөнх Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.
Уран бүтээлийн тайз, ардын язгуур урлагийг олон жил түгээн дэлгэрүүлсэн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Сүрэнхорлоогийн Нэргүй Гавьяат жүжигчин цол хүртэв.
Спортын салбарт, ялангуяа гимнастик, биеийн тамирын боловсролын чиглэлээр олон жил сурган хүмүүжүүлэгч, менежерээр ажилласан “Монголын гимнастикийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Галбадрахын Ерөөлбат, Монголын бодибилдинг, фитнесийн холбоог үүсгэн байгуулж, “Монголын мистер” хэмээн алдаршсан Б.Батсуурь нарт Гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ.
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг болон “Аваргууд академи”-ийн тамирчин Түмэнбилэгийн Түвшинтулга, буудлагын спортын тамирчин, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуяг нарт Гавьяат тамирчин цол хүртээв.





