2025 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийн нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцууллаа.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг томилохоор санал болгожээ:
Ерөнхий сайдын тэргүүн орлогч бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ням-Осорын Учрал, Шадар сайдаар Тогмидын Доржханд болон Сайнбуянгийн Амарсайхан нар нэр дэвшсэн байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сандагийн Бямбацогт, Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг, Сангийн сайдаар Болдын Жавхлан ажиллах юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Лхагвын Мөнхбаатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдинням, Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлут, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Батын Батбаатар нар ажиллахаар байна.
Мөн Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы Аубакир, Зам тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам, Хот байгуулалт, барилга, орон сууцны сайдаар Энхтайваны Бат-Амгалан томилогдохоор нэр дэвшжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Энхбаярын Батшугар, Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайдаар Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарын нэрийг Ерөнхийлөгчид танилцуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчид танилцуулсны дараа томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй. Харин Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр үүрэгт ажлаа эхлүүлнэ.