Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь хурал 2025 оны 5-р сарын 5-нд болсон юм.
Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан ахалж, Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, мөн цаашдын төлөвлөгөөг хэлэлцжээ.
Хурлаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус ажлын хэсэг 2025 оны 3-р сарын 13-нд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч, тодорхой үр дүнд хүрчээ. Өнгөрсөн 3 дугаар сард биржээр 679 мянган тонн нүүрс арилжаалагдсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар энэ хэмжээ 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ.
Мөн нүүрсний экспорт өнгөрсөн жилтэй ижил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар, төмрийн хүдрийн баяжмалын экспорт 3.6 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн, Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрч, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрчээ.