Монгол дахь хавдрын ачаалал өндөр хэвээр байна
Монгол Улс хавдрын өвчлөлийн түвшнээр дэлхийд дээгүүрт тооцогдох болсон нь өнөөдөр ч бодит дүр зураг хэвээр байна. 2024 оны байдлаар хорт хавдрын шалтгаанаар нийт 32096 хүн хяналтад байгаагаас 8169 нь шинээр бүртгэгдсэн өвчтөн болохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Хяналтад байгаа хүмүүсийн 1.8 хувь буюу 608 нь 19 хүртэлх насны хүүхэд бөгөөд тэдний 148 нь 2024 онд шинээр бүртгэгджээ.
Хамгийн түгээмэл хавдрууд ямар байна вэ?
Хорт хавдрын төрлөөр нь авч үзвэл элэгний хавдар 28.9 хувийг эзэлж, ходоодны хавдар 16.2 хувь, уушги, гуурсан хоолойн хавдар 6.7 хувь, умайн хүзүүний хавдар 6.4 хувь, бүдүүн шулуун гэдэсний хавдар 5.1 хувьтай бүртгэгдсэн байна. Эрчүүдийн дунд элэг, ходоод, уушги, гуурсан болон улаан хоолой, бүдүүн шулуун гэдэсний хавдар зонхилох шалтгааны эхний тавд ордог бол эмэгтэйчүүдийн хувьд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар хамгийн түгээмэл шалтгаануудын тоонд багтаж байна.
“Аполло” эмнэлэгтэй протон эмчилгээний чиглэлээр түншлэл байгууллаа
Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн Монголын тал БНЭУ-ын “Аполло” эмнэлэгтэй хавдрын орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНЭУ-ын “Аполло” эмнэлгийн хавдрын Протон эмчилгээний төв, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төв хамтын ажиллагааны гурван талт санамж бичиг байгуулсан байна. Санамж бичигт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, “Аполло” (Apollo Hospitals enterprise Ltd) эмнэлгийн дэд ерөнхийлөгч Др Картик Анантараман нар гарын үсэг зуржээ.
“Аполло” эмнэлэг нь мэдрэл, зүрх, уушги, элэгний хавдрын оношилгоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр дэлхийн 70 гаруй улсаас өвчтөн хүлээн авдаг туршлагатай гэдгээрээ танигдсан байгууллага юм. Тус эмнэлэгтэй хамтран ажилласнаар хоёр улсын хавдрын тусламж үйлчилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ дэвшилтэт технологи, шинэ ахицуудыг монгол мэргэжилтнүүдэд танилцуулж, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх, мэс засал, хавдар судлал болон бусад чиглэлийн эмч нарыг чадавхжуулах зорилт тавьж байгаа аж.
Эхний сургалтад 50 мэс заслын эмч хамрагджээ
Хамтын ажиллагааны эхний алхам болгон “Хавдрын эмчилгээний сүүлийн үеийн дэвшил” сэдэвт сургалтыг зохион байгуулж, “Аполло” эмнэлгийн эмч нар протон эмчилгээний чиглэлээр хичээл заасан байна. Энэхүү сургалтад Монгол Улсын төрөлжсөн эмнэлгүүдийн мэс заслын 50 эмч хамрагджээ.
“Аполло”-гийн дэд ерөнхийлөгчийн танилцуулга
Энэ үеэр Энэтхэгийн Ченнай дахь хавдрын Протон эмчилгээний төвийн үйл ажиллагааг танилцуулан “Аполло” эмнэлгийн дэд ерөнхийлөгч Картик Анантараман хэлэхдээ “Манай “Аполло” эмнэлэг эрүүл мэндийн аялал жуулчлалаар дэлхийд гуравдугаарт бичигддэг. Өвчтөнүүдээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор эмчилдэг. Тухайлбал, шинэ технологиор хөхний хавдрыг эмчлэхдээ хөхийг бүрэн авахгүйгээр толгой орчмын арьс болон хөхний мэдрэмжийг хэвээр үлдээн эмчилж байна. Умайн хавдрыг дахин хүүхэд төрүүлэх боломжтойгоор эмчилдэг боллоо. Түрүү булчирхайн хавдрыг эмчлэхдээ мэдрэлийн судсыг нь авч үлдэн, бэлгийн үйл ажиллагааг хэвийн авч үлдэж чаддаг болсон. Манай эмнэлгийн үйлчилгээ БНХАУ, ОХУ, БНСУ-ыг бодвол үнэ харьцангуй хямд бас чанартай” хэмээж байсан юм.
Тэрбээр мөн “Манай эмнэлэг мэс заслын бүртгэлийн систем ашигладаг. Үүнийг Монголд нэвтрүүлж болно. Энэ системээр хавдрын өвчтэй хүмүүсээ бүрэн хянадаг давуу талтай. Монголын эмч нарыг эрхтэн шилжүүлэн суулгах, өвдөгний үе солих, зүрх, уушги, элэг шилжүүлэн суулгах чиглэлээр сургах боломжтой” гэлээ.
Монголын тал хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлнэ гэж үзэж байна
ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, “Монгол, Энэтхэг хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жилд найрсаг сайхан харилцаатай явж ирсэн. Тэр дундаа эрүүл мэндийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. Эмчилгээний дэвшилтэт технологи ашигладаг Энэтхэг улсад эмчлүүлэхэд эдийн засгийн хувьд тохиромжтой, чанартай үйлчилгээ үзүүлдэг учир монголчууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах дуртай байдаг. Энэ чиглэлийн тусламж үйлчилгээний үзүүлэх эмч, мэргэжилтэн бэлтгэж сургах талаар сургах гэрээ хийлээ. Гэрээний дагуу үр дүнтэй, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж итгэж байна” хэмээв.
Протон эмчилгээний семинар үргэлжилж, хэлэлцүүлэг өрнөв
Үүний дараа “Протон эмчилгээний ач холбогдол, хорт хавдрын эмчилгээний шинэ түвшин” сэдэвт семинар үргэлжилсэн байна. Семинарын хүрээнд “Протон эмчилгээ яагаад чухал вэ, хорт хавдрын эмчилгээ ба амьдралын чанарыг сайжруулах нь” сэдвээр доктор Ашу Абхишек, “Монгол дахь хавдрын туяа эмчилгээний хөгжил” сэдвээр ХСҮТ-ийн доктор н.Минжмаа нар илтгэл хэлэлцүүлж, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн доктор Х.Жамбалмаа талархлын үг хэллээ.





