Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байгаа тул шатахуун тасалдах эрсдэл хэвээр байгааг албаныхан анхаарууллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2024 оны айлчлалаар хоёр хэлэлцээрт гарын үсэг зурсан ч “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх” хэлэлцээрийг УИХ түр хойшлуулсан. Оросын тал хоёр хэлэлцээрийг зэрэг хэрэгжүүлэх нөхцөл тавьсан тул онгоцны түлшний гэрээ батлагдахгүй бол газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх баталгаа алга.
Татгалзсан тохиолдолд Монголд шатахуун тасалдаж, эдийн засагт ноцтой нөлөөлөх эрсдэлтэйг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан онцоллоо.
Одоогоор улсын хэмжээнд онгоцны түлшний 90 хувийг төрийн өмчит “Эрчис ойл” компани хангаж байна. Онгоцны түлшний үнэ тогтвортой байгаа нь билетийн үнийг тогтоон барихад нөлөөлжээ.