Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг (УХТЭ) дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS + NIRS хосолсон дүрс оношилгооны технологийг амжилттай нэвтрүүлэн, ашиглалтад оруулсан тухай МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Энэхүү технологийн ачаар Монгол Улсад өмнө нь боломжгүйд тооцогдож байсан зүрхний титэм судасны хүнд зэргийн нарийслыг оношлон эмчлэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Шинэ систем нь судасны дотоод бүтцийг өндөр нарийвчлалтай харуулах IVUS (Intravascular Ultrasound) ба өөхөн товрууны бүрэлдэхүүн, бүтэц, аюулын түвшинг тодорхойлох NIRS (Near-Infrared Spectroscopy) технологийг хослуулсан өндөр түвшний шийдэл юм. Үүнийг ашигласнаар зүрхний судасны дотуурх мэс засал буюу PCI эмчилгээг илүү нарийвчлалтай, нотолгоонд суурилсан байдлаар гүйцэтгэх боломжтой боллоо.
Төхөөрөмжийн үр дүнг олон улсын судалгаагаар нотолсон бөгөөд уг техникээр хийгдсэн стент суулгалтын дараа тухайн судасны дахин бөглөрөх эрсдэл гурван жилийн хугацаанд 38-45 хувиар буурсан нь тогтоогджээ. Ийнхүү эмчилгээний үр дүн өндөр, хүндрэл болон нас баралт багатай байх боломжтой болж байна. Тус тоног төхөөрөмжөөр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор УХТЭ-ийн таван эмч БНХАУ-ын Шанхай хотод мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, нутагшуулах ажлыг хийжээ.
Энэхүү ахиц нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт дэвшил авчирч, олон улсын түвшинд хүрсэн оношилгоо, эмчилгээний чанарыг иргэдэд хүргэх бодит боломжийг бий болгож буй чухал алхам гэж Эрүүл мэндийн яамнаас онцоллоо.