13.1 C
Ulaanbaatar
Мягмар, 5 сар 20, 2025

Монголын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаанд тэсэх үү?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөө хадгалах, валютын орлогоо нэмэгдүүлэхийн тулд нүүрс, зэс, алт зэрэг голлох түүхий эдийн экспортоо нэмэгдүүлэх зорилт тавьсан ч дэлхийн зах зээлийн нөхцөл, БНХАУ-ын эрэлтийн бууралт, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлсийн улмаас эдийн засагт тодорхойгүй, эмзэг байдал үүсэх хандлагатай байна.

Нүүрсний хэмжээ нэмэгдсэн ч үнэ нь буурсаар

Монгол Улс 2024 онд 83.7 сая тонн нүүрс экспортолж, 8.6 тэрбум ам.долларын орлого олсон. 2025 онд энэ хэмжээг 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан ч нүүрсний үнэ тонн тутамд 105 ам.доллараас 80 ам.доллар болтлоо буюу 20 орчим хувиар буурчээ. Энэ нь нүүрсний экспортын орлогын өсөлт биш, харин бууралт дагуулж болзошгүйг харуулж байна. БНХАУ-ын агуулахын дүүргэлт, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал зэрэг нь Монголын нүүрсний экспортод дарамт үүсгэж байна.

Зэс, алтны зах зээлийн савлагаа

Нүүрсний орлогын бууралтыг нөхөх зорилгоор Оюу толгойн зэс, алтны экспортод түшиглэсэн стратеги ч эрсдэлтэй болсон. Зэсийн үнэ 2025 оны эхэнд тонн тутамд 10,000 ам.долларт хүрнэ гэж хүлээгдэж байсан ч дөрөвдүгээр сараас үнэ нь огцом унаж, 9,176.80 ам.доллар болсон. Энэ нь Хятадын үйлдвэрлэлийн бууралтын, АНУ-ын тарифын бодлого зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Олон улсын зэсийн судалгааны групп 2025 онд зэсийн илүүдэл хоёр дахин нэмэгдэхийг анхааруулсан байна.

Гэсэн хэдий ч алтны зах зээл харьцангуй эерэг дүр зурагтай байна. 2025 оны эхний хагаст алтны үнэ 26 хувиар өсөж, унц нь 3,500 ам.долларт хүрсэн. Геополитикийн эрсдэл, ам.долларын сулрал, Төв банкуудын алтны худалдан авалт зэрэг нь алтны үнийг дэмжиж байна. Сүүлийн өдрүүдэд алтны үнэ 3,250 ам.долларт хэлбэлзэж байгаа ч Goldman Sachs зэрэг томоохон байгууллагууд 2025 оны эцэс гэхэд алтны үнэ 3,700 ам.долларт хүрнэ гэж үзэж байна.

Эдийн засагт үзүүлэх нөлөө

Түүхий эдийн үнэ болон зах зээлийн савлагаа нь Монголын эдийн засагт дараах эрсдэлийг авчирч байна:

  1. Экспортын орлого буурах: Валютын орлого буурснаар гадаад худалдааны алдагдал гүнзгийрэх магадлалтай.
  2. Төгрөгийн ханшид дарамт үүсэх: Валютын нөөцийн бууралт нь төгрөгийн ханшийг сулруулж, инфляц өсөх эрсдэлтэй.
  3. Төсвийн алдагдал нэмэгдэх: Төсвийн үндсэн орлогын эх үүсвэрүүд буурснаар төрийн зардлыг хязгаарлах шаардлага үүснэ.
  4. Эдийн засгийн өсөлт саарах: Дэлхийн банкны Монголын эдийн засаг 6.5 хувиар өсөх төсөөлөл буурах магадлалтай.

Оюу толгой: Үйлдвэрлэлийн өсөлт, зах зээлийн сорилт

Монголын эдийн засгийн хоёр дахь том багана болсон зэсийн салбар 2025 онд томоохон өсөлт рүү шилжих шатандаа байна. Оюу толгойн компанийн 2025 онд нийт үйлдвэрлэлийн хүчин чадлаа 50 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан нь энэ салбарын ирээдүйн өсөлтөд чухал түлхэц болж байна. 2025 оны эхний улирлын байдлаар Оюу толгой 65.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, өмнөх жилийн мөн үеэс 42 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Жилийн эцэст 325–348 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Гэсэн хэдий ч энэ өсөлт орлого шууд нэмэгдэх баталгаагүй. Зэсийн үнэ 2024 онд тогтвортой байсан бол 2025 оны эхэнд хэлбэлзэж, тонн нь 9,300 ам.доллараас 8,700 ам.доллар хүртэл буурсан. Энэ нь АНУ-БНХАУ-ын хоорондын худалдааны хурцадмал байдал, үйлдвэрлэлийн сулрал зэрэг хүчин зүйлсээс хамаарч байгаа бөгөөд Оюу толгойн орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Ирээдүйд хүлээгдэж буй сорилтууд

2025 он Монгол Улсын хувьд сорилт ихтэй жил байх нь тодорхой. Нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж буй ч үнийн уналт орлогын бууралтыг авчирч, зэсийн зах зээл тогтворгүй байдалд орсон нь эдийн засгийн суурийг ганхуулж болзошгүй. Алтны үнэ өсөлтөө хадгалж буй ч Монгол Улс хангалттай хэмжээ алт олборлох боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Төр, хувийн хэвшил, эдийн засгийн бодлого тодорхойлогчид эдгээр эрсдэлд зохицсон дунд болон урт хугацааны бодлого, бүтцийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэх шаардлага үүслийг харуулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here