Вьетнамын Ханой хотноо зургадугаар сарын 7-14-ний хооронд Азийн Волейболын Холбооны (AVC) эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн цом тэмцээн амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг “B” хэсэгт багтсан бөгөөд өмнө нь 2023 онд оролцож, 10 дугаар байрт шалгарсан туршлагатай.
Тэмцээний эхний шатанд манай баг дараалан Филиппин, Казахстан, Шинэ Зеланд болон Индонезийн шигшээ багуудад хожигдон хүндхэн эхлэлтэй байв. Гэсэн ч хэсгийн сүүлийн тоглолтод Монголын волейболчид Ираны багтай тоглож, сэтгэл хөдөлгөм ялалтыг байгууллаа. Тоглолтын дүн 25:18, 21:25, 14:25, 25:21, 15:11 гэсэн онооны харьцаатайгаар Монголын багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд нийт 3:2-оор Ираныг хожсон юм.
Энэ ялалт Монголын багт “B” хэсэгт тавдугаар байрыг авчирсан бөгөөд ийнхүү есдүгээр байрны төлөө өрсөлдөх эрхтэй болж байна. Монголын багийн дараагийн өрсөлдөгч өнөөдөр “A” хэсгийн сүүлийн тоглолтын дараа тодрох юм.
Харин одоогоор тус тэмцээний хагас шигшээд Филиппин, Казахстан болон зохион байгуулагч Вьетнамын багууд шалгараад байна.