Монголын газар нутагт үүсэж бүрэлдсэн, шинжлэх ухааны онцгой үнэ цэнтэй үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг Францын эрх бүхий байгууллагууд Монгол Улсад буцаан шилжүүлэх албан ёсны ажиллагаа 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд Парис хотноо боллоо. Энэ үеэр олдворыг үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурсан бөгөөд арга хэмжээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин болон хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Францын хууль сахиулах байгууллагууд 2013, 2015 онуудын хооронд хууль бус эргэлтээс эдгээр олдвортой холбоотой нийт багцуудыг хураан авчээ. Олдворын зарим нь Бразилиас ирсэн ачааны усан онгоцноос, мөн “Creazaurus” компанийн байрнаас шалгалтын үеэр илэрсэн бөгөөд 2015 оноос эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг өрнүүлсэн байдаг. 2016 онд Франц улс эрх зүйн харилцан туслалцаа хүсэж Монголын Ерөнхий прокурорын газарт хандсаны дагуу манай улсын мөрдөн шалгах байгууллагууд нэмэлт баримт цуглуулж, Лион хотод хураагдсан Tarbosaurus bataar болон бусад олдвор Монголын нутаг дэвсгэрээс гаралтай болохыг нотлон мэдээлжээ.
Ийнхүү Монгол, Францын хууль сахиулах байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд болон холбогдох яамд олон жилийн турш нягт хамтран ажилласны үр дүнд 2025 оны зургадугаар сарын 10-нд Францын Лион хотын давж заалдах шатны шүүхээс үлэг гүрвэлийн 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад буцаан олгох шийдвэр гаргасан байна. Арван орчим жил үргэлжилсэн энэ хэрэг ийнхүү эрх зүйн хувьд бүрэн шийдвэрлэгджээ. Эдгээр олдворын бүрэлдэхүүнд тарбозаврын бүтэн араг яс, теропод, овирапторозаврын яс, шүд, хавирга, эрүү, нуруу, сарвуу, дунд чөмөг, шагай зэрэг ясны хэсгүүд, мөн теропод, овирапторозаврын чулуужсан өндөг зэрэг олон төрлийн, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий үлэг гүрвэлийн олдвор багтаж байгаа нь палеонтологийн хувьд онцгой олз гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Монгол Улс 1992 онд ЮНЕСКО-гийн 1970 оны “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хилээр нэвтрүүлэх, өмчлөх эрхийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай конвенц”-д, мөн 2024 онд ЮНИДРУА-ийн 1995 оны “Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлийн тухай конвенц”-д нэгдэн орсон. Ёслолын үеэр оролцогч талууд эдгээр олон улсын гэрээ, конвенцэд нэгдсэн явдал нь Монголын талд хууль бусаар гарсан өв соёлоо эргүүлэн авах үйл явцыг хуулийн хүрээнд, илүү үр дүнтэй явуулах боломжийг олгосон чухал хүчин зүйл болсныг онцлон тэмдэглэжээ.
Сайд Ч.Ундрам арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, үнэт олдворуудыг эх оронд нь буцаан авахад олон жил шаргуу ажилласан хоёр улсын байгууллага, алба хаагчдад талархал илэрхийлсэн байна. Мөн соёлын өвийн хулгай, хууль бус худалдаа нь ямар ч орны ард түмний үнэт зүйл, өөрийн гэсэн түүх, соёлыг сүйтгэж, ядууруулах аюултайг онцолж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд олон улсын түвшинд илүү үр нөлөөтэй, бодитой хамтын ажиллагаа өрнүүлэхийг уриалжээ. Тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам цаашид ч энэ салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, шаардлагатай бүх талын оролцоог хангасаар байх болно гэдгээ илэрхийлсэн байна.
Монгол Улсад эргүүлэн авчрах эдгээр олдворыг эхний ээлжинд Байгалийн түүхийн музейд шилжүүлж, мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын баг шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөжээ. Үүний дараа олдворын нэгдсэн бүртгэл, хамгаалалтын тогтолцоог сайжруулж, олон нийтэд таниулах ажлыг шат дараатай зохион байгуулна. Урьдчилсан төлөвлөгөөнд тусгаснаар зарим онцгой сонирхолтой олдворыг 2026 онд ашиглалтад орох шинэ Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Палеонтологийн танхимд байрлуулж, олон нийтэд нээлттэй үзүүлэхээр болж байна.
Буцаан авсан 29 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монголын шинжлэх ухааны байгууллагууд судлан, 2026 оноос эхлэн шинэ музейн Палеонтологийн хэсэгт олон нийтэд дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ.





