-31.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Монголын валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, 27.1 хувиар өсөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны дүн: нөөц 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, экспорт ба импортын өөрчлөлт нөлөөлөв

Монгол Улсын гадаад валютын нөөц 2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 7 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 1.5 тэрбум ам.доллар буюу 27.1 хувиар өссөн байна.

Энэхүү өсөлтөд төлбөрийн тэнцлийн урсгал болон санхүүгийн дансны үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн гэж мэдээлжээ. Урсгал дансны хувьд 2025 оны эхний 11 сард нүүрсний экспортын орлого үнийн нөлөөгөөр 3.2 тэрбум ам.доллароор буюу өмнөх оноос 39 хувиар буурсан ч дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш, экспортын биет хэмжээ өссөнөөр зэсийн баяжмалын экспортын орлого мөн хугацаанд 73 хувиар нэмэгдэж, барааны экспорт нийт дүнгээр өндөр түвшинд хадгалагдсан байна. Үүнтэй зэрэгцэн үйлчилгээний дансны алдагдал, барааны импортын өсөлт саарсан нь урсгал дансны алдагдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлжээ.

Алт, зээлжих зэрэглэл ба санхүүжилтийн өртөг: 2026 оны хүлээлт эерэг хэвээр

Монголбанкны үнэт металлын худалдан авалт оны дөрөвдүгээр улиралд идэвхжиж, 12 дугаар сард 2.77 тонн, 2025 оны эцсийн гүйцэтгэлээр 16.3 тонн хүрсэн байна. Мөн 2025 онд алтны ханш 64 хувиар өссөн нь алтны мөнгөжүүлэлтийн орлого оны сүүлийн сард огцом нэмэгдэхэд чухал дэмжлэг болсон гэжээ.

Санхүүгийн дансны талд эдийн засгийн өсөлт эрчимжсэн, гадаад төлбөрийн чадвар сайжирсан, төсөв болон гадаад өрийн бодлогыг оновчтой хэрэгжүүлсэн зэрэг үндэслэлээр 2025 онд “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-”, “Мүүдиз” агентлаг “B1” болгон тус тус ахиулсан байна. Ингэснээр хоёр жил дараалан зээлжих зэрэглэл нэмэгдэж түүхэн дээд түвшинд хүрсэн нь арилжааны банкууд харьцангуй бага өртгөөр валютын эх үүсвэр татах, улмаар санхүүгийн дансны ашиг нэмэгдэх суурь нөхцөл болсон гэж тайлбарлажээ.

Мөн олон улсын зах зээл дээрх 2 жилийн үлдэгдэл хугацаатай ам.долларын ЗГҮЦ-ны өгөөж 5.2 хувь түвшинд арилжаалагдаж байгаа нь ижил хугацааны АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжтэй харьцуулахад түүхэн бага спрейд буюу эрсдэлийн урамшуулал багатай түвшинд байгааг онцолсон байна.

Цаашид 2026 онд ам.долларын бодлогын хүү үргэлжлэн буурах хүлээлттэй байгаа нь валютын эх үүсвэрийн өртөг буурах, геополитикийн нөхцөл болон хиймэл оюуны технологийн эрэлттэй уялдан алт, зэсийн үнэ өсөх, алтны олборлолт нэмэгдэх, нүүрсний үнэ болон экспорт тогтворжих зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан төлбөрийн тэнцэлд үүсэх гадаад секторын дарамт харьцангуй тогтвортой байх хүлээлттэй гэж мэдээлжээ. Нөөц улирлын шинжээр хэлбэлзэх ч эдийн засгийн суурь нөхцөл эерэг хэвээр байна гэж үзсэн байна.

Гадаад валютын нөөц өсөх нь төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжих, гадаад сектороос эдийн засагт ирэх эрсдэл, дарамтыг сааруулах, гадаад өр болон импортын төлбөрийн баталгааг сайжруулах зэрэг чухал үр нөлөөтэй гэжээ. Үүний үргэлжлэлээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, дотоодын аж ахуйн нэгж болон банкуудын валютын эх үүсвэр татах өртөг, өрийн үйлчилгээний зардал буурах замаар эдийн засагт бодит өсөлт бий болгох ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу