Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчдад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр орон сууцны батламж гардуулан өглөө.
Шагналын батламжийг дараах гавьяат тамирчид гардан авсан юм:
- Мөнхсайханы Цэрэнлхам
- Онолбаатарын Хулан
- Бат-Эрдэнийн Ариунцэцэг
- Нямжавын Нандинхүсэл
Уг тэмцээн Улаанбаатар хотноо болж, олон улсын спортын тавцанд Монгол Улсыг амжилттай төлөөлсөн тус баг түүхэн амжилтын эзэд болсон билээ. Энэхүү тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA), Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан юм.