Монголын Мөсөн Сурын Холбоо (ММСХ) өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж, ₮100 саяын шагналын сантай “Магнай” болон Дээд лигийн тэмцээн зохион байгуулах талаар мэдээллээ. Тус холбоо хоёр дахь жилдээ дараалан ийм хэмжээний шагналын сантай лигийн тэмцээн хийхээр төлөвлөсөн бөгөөд тэмцээн энэ сарын 27-28-нд Налайх дүүргийн Цонжинболдог дахь “Уурхайн дуу” зурхайд болно гэж танилцуулав.
Мөсөн сурын харвааг анх Баян-Өлгий аймгийн Булган сумынхан хөгжүүлж ирснийг өргөжүүлэх зорилгоор 2008 онд холбоо байгуулсан гэж ММСХ-ныхон онцолсон байна. Мөн мөсөн сурын харвааны тухай Монголын Нууц Товчоо-д тэмдэглэгдсэн байдаг гэж дурдлаа.
Хэвлэлийн хурлын эхэнд холбооны ерөнхийлөгч А.Гомбодорж холбооны цар хүрээ, тамирчдын тоон үзүүлэлт, спортын цол олголтын талаар мэдээлэв. Тэрээр:
“Манай холбоо 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, гаднын улсад таван салбар холбоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 15,000 гаруй гишүүн, дэмжигчтэй. Бид 2014 оноос хойш спортын цол, зэрэг, 2021 оноос улсын цол, зэрэг олгож эхэлсэн.
Одоогоор спортын цол, зэрэгтэй 300 гаруй, 100 гаруй тамирчин аймаг, улсын цолтой болоод байна.
Манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мөсөн сурын тэмцээн гол салбар болон хөгжүүлж байгаа. Тиймээс манай холбоо Монголд өвлийн цагаар болдог олон арга хэмжээнд хамтран оролцож ирсэн”
гэж онцолсон юм.
Лигийн тэмцээний дүрэм, оролцогчдын талаар ММСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, улсын шүүгч П.Буяннэмэх танилцууллаа. Тэрээр холбоо 2008 оноос хойш тасралтгүй тэмцээн зохион байгуулж ирсэн бөгөөд олон улсын чанартай тэмцээнийг 2024 оноос, лигийн тэмцээнийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж байгаа гэв. Мөн лигийн тэмцээний онцлог нь тухайн жилийн улсын аваргаас шигшигдсэн харваачид багтаа багтдаг зарчимтайг тодотгоод, энэ жил 2025 оны улсын аваргад тодорсон 20 багийг лигт оролцуулна гэж мэдэгдлээ.
“Манай холбоо 2008 оноос хойш тасралтгүй тэмцээн зохион байгуулж ирсэн. Харин олон улсын чанартай тэмцээнийг 2024 оноос, өнгөрсөн жилээс лигийн тэмцээнийг зохион байгуулах болсон.
Лигийн тэмцээний гол онцлог нь тухайн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шигшигдсэн харваачдыг багтаа авдаг. Энэ жилийн хувьд 2025 оны улсын аваргаас тодорсон 20 багийг лигт оруулж байна.
“Магнай” лигт нийт 10 баг өрсөлдөх бол үлдсэн нь Дээд лигт оролцоно”
гэж тэр хэлэв.






Өвлийн аялал жуулчлалыг дэмжих сайхан арга байна
Ийм арга хэмжээ олон болоосой