Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ) өнөөдөр халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байгааг онцлон дурдав.
Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд томуу, томуу төст өвчний халдвар алаг цоог дэгдэлтийн түвшнээс идэвхжлийн түвшинд шилжсэн байна.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа:
“Дулаарлаа, ханиад багасна гэж иргэд тайвшрах ёсгүй. Цаг агаарт тохируулан дулаан хувцаслаж, хүүхдэд томуу, томуу төст халдварын шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах шаардлагатай” гэж зөвлөлөө.
Өвчлөл өндөр түвшинд хадгалагдаж байна:
- Амбулаторид үзүүлэгсдийн 6-6.5 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн.
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт өвчтөний 20 хувийг эзэлж байна.
- Өвчлөл голлон 15 хүртэлх насны хүүхдүүд дунд бүртгэгдэж байгаа бөгөөд үүний 40 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна.
Вирусийн шинжилгээний үр дүн:
Амбулатори болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс сорьц авч шинжлэхэд дараах вирусүүд илэрчээ:
- Метапневмовирус
- Риновирус
- Аденовирус
- Томуугийн А ба В вирус
Н.Сувдмаа:
“Олон төрлийн вирусийн эргэлттэй үед эхний хэд хоногт томуугийн ерөнхий шинж тэмдэг илэрч, дараа нь вирус бүрийн онцлог шинжүүд гардаг. Эдгээр вирусийн ихэнх нь хүндрэх эрсдэлтэй бөгөөд ялангуяа томуугийн В вирус, метапневмовирус, Н-томуугийн вирус нь хатгаа, бөглөрөлттэй бронхит үүсгэж болзошгүй” хэмээн анхаарууллаа.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Дархлаажуулалтдаа бүрэн хамрагдах
- Олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол хэрэглэх
- Агаар сэлгэх
- Гарын эрүүл ахуйг сайтар сахих
ХӨСҮТ-өөс дээрх зөвлөмжүүдийг мөрдөхийг нийт иргэдэд уриалж байна.