2025 оны долдугаар сарын 11-16-ны хооронд буюу баяр, амралтын өдрүүдэд гол, нуурын усанд нийт 25 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн дотор 6 нь хүүхэд байсан нь улам их эмгэнэл дагуулж байна.
Тухайлбал, Баянхонгор аймагт долдугаар сарын 15-ны өдөр “Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтын явцад 10, 13 настай хоёр хүүхэд живсэн байдалтай нас барсан болох нь тогтоогдсон байна.
Энэ мэт харамсалтай ослууд наадам, аяллын үеэр эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул холбогдох байгууллагууд болон хууль сахиулах албаныхан эцэг эх, асран хамгаалагч нарт дараах анхааруулгыг хүргэж байна:
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Гол, нуур, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх
- Усны аюулыг ойлгомжтой, энгийн хэлээр хүүхдэд тайлбарлах
- Болзошгүй эрсдэлийг урьдчилан сануулах, анхааруулах
Наадам, зугаалга, амралтын цагт иргэд сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах нь чухал байгааг албаныхан онцолж байна.