Иргэн У нь эхнэрийнхээ нас барсны дараа түүний авч байсан өндөр насны тэтгэврийн 20 хувийг өөрт нь нэмж олгохыг хүсэж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан байна. Тэд гэр бүл болж 35 жил хамт амьдарсан бөгөөд эхнэр нь 2024 оны 7-р сарын 24-нд нас баржээ. Гэвч Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн У-д тухайн нэмэгдлийг олгохоос татгалзсан нь маргааны эхлэл болсон юм.
Тус хэлтсийн тайлбарласнаар, иргэн У нь 2024 оны 10-р сарын 28-наас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдсэн ч тухайн үед тэтгэвэр авагч байгаагүй тул “хоёр тал аль аль нь өндөр насны тэтгэвэр авагч байх” гэсэн хуульд заасан нөхцөлийг хангаагүй гэж үзжээ.
Үүнийг эс зөвшөөрсөн иргэн У шүүхэд хандаж, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувь буюу 359,501 төгрөгийг олгуулахыг шаардсан нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсгүүдийг үндэслэн дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, тус хуулийн 9.1-д “Нас барсан тэтгэвэр авагчийн нөхөр эсхүл эхнэр өндөр насны тэтгэвэр авагч бол түүний тэтгэврийн 20 хувийг нэмэгдүүлж олгоно” гэж заасан тул зөвхөн тухайн үед аль аль нь тэтгэвэр авдаг байсан бол уг нэмэгдэл хамаарна гэж үзжээ.
Тиймээс шүүх иргэн У нь эхнэрийнхээ адил өндөр насны тэтгэвэр авч байгаагүй учир тусгай зохицуулалтад хамрагдах эрхгүй гэж дүгнэн, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.