АНУ-ын Үндэсний агаар ба сансрын удирдах газар (NASA)-аас сансарт илгээсэн SPHEREx нэртэй ажиглалтын төв энэ Пүрэв гарагт албан ёсоор шинжлэх ухааны үйл ажиллагаагаа эхлүүлэв. Уг хөтөлбөрийн гол зорилго нь орчлон ертөнцийн үүсэл гарал, галактикуудын хувьсал өөрчлөлт болон Сүүн замын хүрээнд өөр амьдралын хэлбэр оршин байгаа эсэхийг судлахад оршиж байна.
SPHEREx сансрын төв нь ирэх хоёр жилийн турш өдөрт дунджаар 3600 зураг авч, Хьюстон дахь NASA-ийн мэдээллийн системд дамжуулах бөгөөд энэ нь сансар огторгуйн судалгаанд хувьсгал авчрах чухал алхам болжээ. Ийнхүү тус систем нь сансар огторгуйн зураглалыг бүхэлд нь хийх анхны томоохон төслийг хэрэгжүүлж байна.
NASA-ийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, энэ оны гуравдугаар сарын 11-нд хөөрсөн SPHEREx сүүлийн зургаан долоо хоногт заасан огторгуйн байршилд очиж, системийн хяналт, шалгалтыг амжилттай явуулжээ. Систем хэвийн ажиллаж буйг баталсны дараа гол судалгааны ажлууд эхэлсэн байна.
SPHEREx хэдэн зуун сая галактикийн байрлалыг гурван хэмжээст дүрслэлээр тогтоож, орчлон ертөнц хэрхэн үүсэж хөгжсөн, галактикийн хэмжээ, бүтэц он цагийн эрхэнд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн зэрэг асуултуудад хариулт хайна. Энэ талаар Шондивизиксийн захирал А.Голдман “SPHEREx нь 25 сарын турш төлөвлөсөн судалгааныхаа хүрээнд 11 мянга гаруй удаа дэлхийн тойрог замыг тойрох болно” гэж мэдэгдсэн байна.
Ийнхүү энэхүү төсөл нь зөвхөн орчлонгийн гүн ухааны том асуултуудад хариу олохоос гадна хүн төрөлхтөнд одон орон судлалын шинэ хэтийн төлөвийг нээхээр төлөвлөж байгаа аж.