УЕФА өргөн нэвтрүүлгийн эрхийн бодлогодоо шинэчлэл хийхээр бэлтгэж байгаа бөгөөд үүний хүрээнд Netflix-т анх удаа Аваргуудын лигийн тоглолтуудыг шууд дамжуулах эрх олгох санал гарчээ. Энэ нь стриминг платформуудын хоорондох өрсөлдөөнийг эрс нэмэгдүүлж, спортын медиа зах зээлд том өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
УЕФА-ийн шинэ зохицуулалт
“The Times” сонины мэдээлснээр, УЕФА 2027–2033 оны өргөн нэвтрүүлгийн эрхийн шинэ загварыг батлахаар ажиллаж байна. Шинэ системийн дагуу тоглолтуудын дамжуулах эрхийг зөвхөн улсын хэмжээнд бус, дэлхийн хэмжээнд цацах боломжтой стриминг платформуудын дунд хуваарилах юм.
Энэхүү загварын дагуу Netflix долоо хоног бүр нэг тоглолтыг дэлхий даяар цацах эрхтэй болох хувилбарыг хэлэлцэж байна. УЕФА энэ шинэ бодлогоор жилийн орлогоо 5 тэрбум еврогоос дээш түвшинд хүргэхийг зорьж байгаа аж.
Netflix спортын шууд дамжуулалтад анх орно
Хэрэв гэрээ батлагдвал Netflix спортын салбарт анх удаа орж ирэх болно. Энэ нь компанийн хувьд контентын төрөлжилтийн стратегийн чухал алхам бөгөөд кино, цувралаас гадна спортын контент руу хөл тавих анхны оролдлого болох юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ өөрчлөлт нь зөвхөн УЕФА-д эдийн засгийн өсөлт авчрах төдийгүй, спортын нэвтрүүлгийн салбарт шинэ өрсөлдөөний эрин үеийг нээх болно.
Гэсэн хэдий ч эхний шатанд Netflix зөвхөн долоо хоногт нэг тоглолтыг шууд дамжуулах эрхтэй байх хувилбар яригдаж байгаа аж.