Судалгааны дүгнэлт ба дэлхийн чиг хандлага
Нийгмийн сүлжээний хэт их хэрэглээ нь залуу үеийн сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж байгааг “Дэлхийн аз жаргалын тайлан”-д дурдсан байна. Ялангуяа англи хэлтэй зарим орны өсвөр насны охидод энэ нөлөө илүү хүчтэй илэрч байгааг судалгаагаар тогтоожээ.
2025 оны 12 дугаар сард Австрали улс 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ ашиглахыг хуулиар хориглосон анхны улс болсон бөгөөд үүний дараа бусад орнууд ч хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах бодлого боловсруулах ажилд анхаарч эхэлсэн байна.
Жил бүр гаргадаг уг тайлан нь АНУ-ын “Gallup” байгууллагын өгөгдөл болон Оксфордын их сургуулиар ахлуулсан олон улсын судалгааны багийн мэдээлэлд тулгуурласан. Судлаачид “Gallup”-ын судалгаа, ЭЗХАХБ-ын боловсролын үнэлгээ болон бусад эх сурвалжуудыг нэгтгэн шинжилж, нийгмийн сүлжээг хэтрүүлэн хэрэглэх нь аз жаргалын түвшинг бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Залуусын сэтгэл ханамж буурч буй үзүүлэлт
“Бид нийгмийн сүлжээнд хүмүүс хоорондын харилцааг эргүүлэн авчрахыг хичээх ёстой гэдгийг энэхүү судалгаа харуулж байна” хэмээн тайлангийн редактор, Оксфордын их сургуулийн эдийн засгийн профессор Ян-Эммануэль де Нев онцолсон байна. Түүний тайлбарласнаар алгоритмаар санал болгодог инфлүүнсерүүдийн контентыг тогтмол дагах нь бодит харилцааг дэмждэг орчноос илүү сөрөг нөлөө үзүүлдэг аж.
Судалгааны дүнгээс харахад өдөрт таваас дээш цагийг нийгмийн сүлжээнд зарцуулдаг 15 настай охидын амьдралын сэтгэл ханамж нь бага хэрэглэдэг үе тэнгийнхнээсээ мэдэгдэхүйц доогуур байна. Мөн “Gallup”-ын судалгаагаар АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудын 25 хүртэлх насны залуусын амьдралын чанарын үнэлгээ сүүлийн 10 жилийн хугацаанд 0-10 онооны шатлалд бараг нэг оноогоор буурсан бол дэлхийн бусад бүс нутгийн залуусын үзүүлэлт дунджаар өссөн дүн гарчээ.





