Хүүхдийн өсөлт, биеийн дархлааг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөр нийслэлийн хэмжээнд өргөжиж байна. Уг хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сурагчдын өдөр тутмын хооллолтод сүүг тогтмол оруулах замаар тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
2025 онд нийслэлийн төрийн өмчийн 13 ерөнхий боловсролын сургуулийн 19,300 хүүхэд энэхүү хөтөлбөрт хамрагдаж, долоо хоногт 2-3 удаа сүү авч байна.
Мөн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төрийн өмчийн таван сургуулийн 5,862 сурагч долоо хоногт 1-2 удаа сүү ууж байгаа аж.
Ингэснээр 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн 18 сургуулийн нийт 25,162 хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд сүүгээр хангагдаж байна. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд чухал ач холбогдолтой алхам болж байгаа гэж албаныхан онцолжээ.