Улаанбаатар, 2025 оны 8 дугаар сарын 13 — Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдэж, зорчигчдын тоо ч өссөн байна. Өнгөрсөн оны долоодугаар сарын 31-ний байдлаар нийтийн тээврээр 81.9 сая зорчигч үйлчлүүлж, нийт 18.1 тэрбум төгрөгийн орлого олсон бол энэ оны мөн үед зорчигчдын тоо 91.2 саяд хүрч, орлого 30.3 тэрбум төгрөг болсон байна. Ингэснээр зорчигчдын тоо 9.2 саяар буюу 11.3 хувиар, орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар нэмэгджээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр, энэ өсөлт нь нийтийн тээврийн парк шинэчлэлтэй шууд холбоотой.
Сүүлийн жилүүдэд нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд 600 шинэ автобус нэмж, жолооч нарын цалинг 1,000 ам.долларт хүргэсэн. Автобуснуудыг ухаалаг дэлгэц, үнэгүй интернэтээр тоноглож, зорчигчдод мэдээлэл хүргэх боломж бүрдүүлэн, төлбөрийн олон төрлийн систем нэвтрүүлжээ. Үүний ачаар иргэд банкны картаар төлбөр хийх боломжтой болсон бөгөөд нийслэлийн 100 цэгт автобусны карт борлуулах, цэнэглэх киоск байрлуулсан байна. Мөн өнгөрсөн хавар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмших болж, хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах нөхцөлийг бүрдүүлжээ.
Үүнээс гадна нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зохицуулалтыг хуульчилснаар 2024 онд 31 угсраа автобус, 2025 онд том оврын 10 автобусыг импортоор оруулж, үйлчилгээнд нэвтрүүлээд байна.