-3.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 22, 2025

“Ногоон нуур 1008 айл” орон сууцны 756 айл өмчлөх, 252 айл түрээслэх эрхтэй боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Засгийн газар дахин төлөвлөлтийн орон сууцны өмчлөл, түрээсийн шийдвэрийг батлав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Ногоон нуур 1008 айл” орон сууцны төслийн өмчлөл, түрээсийн зохицуулалтыг баталлаа.

Төслийн хүрээнд газраа чөлөөлсөн 756 айлд орон сууцыг өмчлүүлэх, харин үлдсэн 252 айлыг түрээслээд өмчлөх нөхцөлтэйгөөр ашиглах шийдвэрийг гаргасан байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэлэхдээ:

“Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 1008 айлын орон сууцнаас газраа чөлөөлсөн 756 айлд өмчлүүлэх, үлдсэн 252-ыг түрээслүүлэх тогтоол батлагдлаа. Түрээсийн төлбөр нэг м.кв нь 6000 төгрөг байна. Энэ төсөл нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан бөгөөд 960 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэгтэй. Эдгээр сургалтын байгууллагууд ирэх жил ашиглалтад орно” гэж онцоллоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэ шат

2022–2025 онд хэрэгжсэн энэхүү төсөл нь Сүхбаатар дүүргийн IX хороо, Ногоон нуур орчимд байрлах гэр хорооллын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих зорилготой байв.

Улаанбаатар хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгээр сонгон шалгаруулжээ.

Мөн чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж, түрээсийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулан шинэчлэх юм.

Цогцолбор хорооллын бүтэц ба хүчин чадал

“Ногоон нуур 1008 айл” нь дараах үзүүлэлттэй орон сууцны хороолол юм:

  • 4.2 га талбайд баригдсан цогцолбор барилга
  • 21 давхар, найман блок бүхий орон сууцны барилга
  • Нэгдсэн хоёр гарааш, нийт 271 далд зогсоол
  • Ногоон байгууламж, авто зам, ил зогсоол, гадна инженерийн шугам сүлжээтэй
  • Цутгамал төмөр бетон бүтээцтэй, зоорь бүхий орон сууцнууд

Энэхүү төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодит үр дүнг харуулсан, нийслэлийн хот байгуулалтын томоохон жишиг болохуйц бүтээн байгуулалт гэж салбарынхан онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here