8.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 17, 2025

НҮБ: Монголын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр” батлагдлаа — дэлхий нийт адууг хүндэтгэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 6-р сарын 3-нд Нью-Йорк хотноо хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоол хэлэлцэгдэн батлагдлаа. Энэ тогтоол нь адууны соёл, уламжлал, үүрэг, ач холбогдлыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн анхны түүхэн шийдвэр боллоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр өнөөдөр дэлхий даяар 57 сая гаруй уналга, ачлагын зориулалттай адуу бүртгэлтэй байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал төдийгүй эдийн засаг, нийгмийн олон талт салбарт онцгой байр суурь эзэлж ирсний нотолгоо юм. Адууг зөвхөн унаа, ачаа тээвэр, спорт, аялал жуулчлал, амралт, сувилгаа төдийгүй эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэлд ч өргөнөөр ашигладаг. Түүнчлэн өргөн уудам нутагтай, байгаль, уур амьсгалын онцгой нөхцөл бүхий улс орнуудын иргэдийн амьдралд адуу улам онцгой үүрэгтэй байсаар ирсэн.

Гэвч сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, техник технологийн хөгжил хурдацтай нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны доройтол нэмэгдэхийн хэрээр адууны үүлдэр угсаа, тоо толгой, аж ахуйн хэрэглээ буурах хандлага дэлхий даяар ажиглагдаж байгаа нь анхаарал татаж байна. Ийм нөхцөлд адууны соёл, уламжлал, үүргийг олон улсын хэмжээнд дахин үнэлэх шаардлагатайг Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгт хандан уриалсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс адууны түүхэн ач холбогдлыг дэлхий нийтэд таниулж, олон нийтийн мэдлэг, ойлголт, оролцоог нэмэгдүүлэх, адууны аж ахуй болон нүүдлийн соёл, өв уламжлалыг хамгаалах зорилгоор жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолын төслийг санаачилсан. Энэхүү санаачилгыг НҮБ дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Ерөнхий Ассамблейн индэр дээрээс албан ёсоор танилцуулж хэлсэн үгэндээ адууны хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүрэг, адууны өв соёл, бэлчээрийн болон нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалах асуудлуудыг онцлон тэмдэглэсэн.

Монголын санал дэвшүүлсэн уг тогтоолд Австри, Бахрейн, Бразил, БНСУ, Хятад, Венесуэл, Катар, Лесото, Марокко, ОХУ, Португал, Герман, Тайланд, Турк, Япон, Киргиз, Казахстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн нь олон улсын хэмжээнд энэ санаачилга хэр өргөн дэмжлэг хүлээснийг харуулж байна.

НҮБ-ын тогтоолын дагуу “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий даяар анх удаа 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here