Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Өвдөлт намдаах кабинет нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах шинэ эмчилгээний аргыг нэвтрүүлсэн байна.
Мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нь рентген хяналт дор, хагалгааны ариун орчинд хийгддэг нарийн ажилбар бөгөөд тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Б.Батсайханы удирдлага дор үйлчилгээ үзүүлж байна. Эмнэлэг MRI оношилгооны аппаратыг ашиглалтад оруулснаар мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд дөхөм болсон гэж мэдээлжээ.
Энэ арга нь нурууны нугалам хоорондын нүхээр дамжуулан үрэвслийн эсрэг кортикостероид эмийг шууд мэдрэлийн ёзоорт тарьж, хавдар болон үрэвслийг бууруулснаар өвдөлтийг намдаадаг байна.
Тус тарилгыг нурууны дискний ивэрхий, суудлын мэдрэлийн өвдөлт, нурууны сувгийн нарийсал, мэдрэлийн ёзоор дарагдсан үед хэрэглэдэг аж. Ингэснээр өвдөлт багасч, хөдөлгөөн сайжрахаас гадна мэс заслаас зайлсхийх боломж нэмэгддэг гэжээ.





