Хоёр технологийн аваргын хамтын ажиллагаа
Чип үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч “Nvidia” компани “Intel”-ийн энгийн хувьцаанд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо зарлалаа. Энэ нь хүндхэн нөхцөлд орсон хагас дамжуулагчийн аваргатай хамтран ажиллах анхны том алхам болж байна.
“Nvidia”-гийн мэдээлснээр нэгж хувьцааг 23.28 ам.доллараар үнэлэн худалдан авах бөгөөд зохицуулах байгууллагын зөвшөөрлийг хүлээж буй энэ мэдэгдэл нь АНУ-ын Засгийн газар “Intel”-ийн 10 хувийг эзэмших болсноос яг нэг сарын дараа хийгдсэн нь онцлог байлаа.
Ж.Хуаны байр суурь
“Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан уг хөрөнгө оруулалтыг “дэлхийн жишигт нийцсэн хоёр платформын нэгдэл” гэж тодорхойлсон юм. Түүний хэлснээр, ихэнх зөөврийн компьютерыг ажиллуулдаг CPU буюу төв процессор үйлдвэрлэдэг “Intel”-ийн хүчин чадал хиймэл оюун ухаанд зайлшгүй шаардлагатай тусгай график чип бүтээж буй “Nvidia”-гийн үйл ажиллагаатай уялдана.
Ж.Хуан пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ:
“Энэхүү хамтын ажиллагаа нь тооцоолол үндсээрээ өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрсөн явдал болж байна. Хурдасгасан, хиймэл оюун ухаант тооцооллын эрин үе ирж байна.”
Хөрөнгийн зах зээл дэх өөрчлөлт
Энэ мэдэгдлийн дараа “Intel”-ийн хувьцааны ханш 23 орчим хувиар өсч, 1987 оноос хойших нэг өдрийн хамгийн том өсөлтийг үзүүлэв. Мөн “Nvidia”-гийн хувьцаа 3 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Intel-ийн сорилт ба шинэ боломж
Олон арван жилийн турш суурин компьютерийн өсөлтөд түшиглэж ирсэн “Intel” 2007 оноос гар утасны эрин үед дасан зохицож чадаагүйгээс уналтад орсон. Харин хиймэл оюуны хөгжлийн эрин үед “Nvidia” дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болтлоо өсөхөд “Intel” улам бүр холдсоор иржээ.
“Intel” зөвхөн өнгөрсөн онд 19 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бол энэ оны эхний хагас жилд дахин 3.7 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан. Үүнээс гадна 2025 оны эцэс гэхэд ажиллах хүчээ 25 хувиар бууруулах төлөвтэй байна.
АНУ-ын Засгийн газрын оролцоо
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа нэгж хувьцааг 20.47 ам.доллараар үнэлж, “Intel”-ийн хувьцааны 10 хувийг худалдан авч хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг болсон билээ. Албаныхны мэдээлснээр энэ нь дотоодын үйлдвэрлэл, технологийн салбарыг дэмжих зорилготой алхам байжээ.