АНУ-ын Нью Мексико мужийн эрх баригчид Даваа гарагт тус мужийн нутагт байрлах Жеффри Эпштейн агсны эдлэн газарт шалгалт эхлүүлжээ. Нэгдүгээр сард АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон Эпштейний хэргийн баримтуудад энэ эдлэнгийн ойролцоох толгодод Эпштейний өгсөн зааврын дагуу хоёр гадаад эмэгтэйн цогцсыг булсан байж магадгүй гэх мэдээлэл багтсан нь мөрдөн шалгах ажиллагааг дахин сэргээх үндэслэл болсон байна.
Ардчилсан намаас сонгогдсон мужийн удирдлага уг мэдээллийн мөрөөр шалгах ажлыг санаачлан эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн сард мужийн ерөнхий прокурор Раул Торрес Санта Фе хотоос урагш 48 км зайд орших уг эдлэнд гарсан байж болзошгүй гэмт хэргийн мөрдлөгийг дахин эхлүүлэх шийдвэр гаргасан гэж мэдээлжээ. Нью Мексико мужийн эрх баригчид өмнө нь эдлэнг шалгаж байсан ч холбооны засгийн газрын хүсэлтээр 2019 онд ажиллагааг зогсоож, хэргийг хаасан байдаг.
Жеффри Эпштейн 2019 онд нас барахаасаа өмнө уг эдлэнг 26 жилийн турш эзэмшиж байсан бөгөөд Нью Мексико өнгөрсөн сард тус эдлэнд хууль бус үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон байж болзошгүй албан тушаалтнуудыг шалгах “үнэнийг тогтоох комисс” байгуулснаараа АНУ-д анхдагч болсон тухай мэдээлэл гарчээ.
Эпштейний өв залгамжлагчид эдлэнг 2023 онд Техасын бизнесмэн Дон Хаффинст зарсан бөгөөд шинэ эзэн нь эдлэнгээ “Сан Рафаэл Ранч” гэж нэрлэсэн байна. Албаныхны мэдээлснээр шинэ эзэн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, шалгалт хийхэд нэвтрэх зөвшөөрөл олгожээ.





