26.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

О.Дашпагам: Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 90 сая хүний амийг аварсан

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны хоёрдугаар сараас хойш Монгол Улсад улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдварын тоо эрчимтэй өсөж, долдугаар сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд нийт 11,338 тохиолдол бүртгэгдээд байна. Зөвхөн сүүлийн долоо хоногт 1,200 гаруй шинэ тохиолдол нэмэгдсэн нь эрүүл мэндийн салбарынхныг яаралтай арга хэмжээ авахад хүргэсэн юм.

Тиймээс Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран 0-15 насны дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг вакцинд хамруулах үндэсний аянг эхлүүлээд байна.

Дархлаажуулалтын ач холбогдлын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам онцолсон юм. Тэрбээр хэлэхдээ, манай улс хүүхдүүдэд есөн төрлийн вакциныг 13 халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор товлосон хугацаанд хийж байна. Жишээлбэл, улаанбурхан өвчний эсрэг вакциныг хүүхдэд 9 сартайдаа эхний тун, 2 настайд хоёр дахь тунгаар хийдэг. 2024 оны байдлаар эхний тунгийн хамрагдалт 95.3 хувь, хоёр дахь тунгийн хамрагдалт 95.1 хувьтай байна. Гэвч 5 орчим хувь нь ямар нэгэн шалтгаанаар хамрагдаж чадахгүй байна.

Жилд 60,000–70,000 хүүхэд шинээр төрдөгөөс 3,000–4,000 нь товлолт вакцинаасаа хоцрох эрсдэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн тоо 50 мянга давсан нь өвчлөл нэмэгдэх үндсэн шалтгаан болжээ. Тиймээс улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакциныг нөхөн хийж эхлээд байна. Хүүхэд тань товлолт хугацаандаа вакцинд хамрагдаагүй бол өрхийн болон сумын эрүүл мэндийн төвд очиж нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

1974 онд дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн ачаар өнөөг хүртэл 154 сая хүний амийг аварч чаджээ. Үүнээс 90 сая нь зөвхөн улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинтай холбоотой байна. Вакцин хийлгэснээр энэ өвчнөөр нас барах эрсдэлийг огцом бууруулж чадсан байна.

О.Дашпагам хэлэхдээ, улаанбурхан өвчний эсрэг вакцин ноцтой хүндрэл үүсгэх нь ховор. Зарим хүүхдэд түр хугацаанд халуурах, бие тавгүйрэх, тарьсан газар нь өвдөх, хавдах шинж илэрч болно. Эдгээр нь 2-3 хоногийн дотор арилдаг ба эмчийн зааврын дагуу эмчилж болох хөнгөн хариу урвал юм.

Өвчинд нэрвэгдэх эрсдэл нь вакцинд хамрагдаагүй, эсвэл бүрэн тунгаа тариулаагүй хүмүүсийн дунд өндөр байдаг. Тэр ч бүү хэл вакцины насанд хүрээгүй хүүхдүүд ч халдвар авч, улмаар нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь олон нийтийн дархлааны ач холбогдлыг тодорхой харуулж байгаа бөгөөд дархлаажуулалт нь зөвхөн тухайн хүнийг бус, нийгмийн бусад гишүүдийг ч хамгаалж буй хэрэг гэдгийг илэрхийлдэг.

Тиймээс нөхөн дархлаажуулалтын өдрүүдийг ашиглаж, хүүхдээ улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцинд заавал хамруулахыг албаныхан уриалж байна. Улаанбурхан нь амархан халдварладаг ч, урьдчилан сэргийлэх цорын ганц арга нь вакцин гэдгийг мэргэжилтнүүд дахин сануулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here