Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нийгэмд хүчтэй цочрол төрүүлсэн хүүхэд худалдаалах хэргийн шүүх хурал хоёр сар орчим үргэлжилсний эцэст шүүх өчигдөр шийдвэрээ гаргаж, зургаан настай охиноо бусдад худалдсан хэрэгт буруутгагдсан эмэгтэй болон түүний хоёр хамсаатанд бүх насаар нь хорих ял оноосон байна.
Хохирогч Жошлин Смит 2023 оны хоёрдугаар сард Кэйп Таун хотын ойролцоох гэрээсээ алга болж, одоог хүртэл сураггүй хэвээр байна. Түүний ээж Ракел Смит, найз залуу Жакен Апполлис, тэдний найз Стивено ван Рин нар охиныг санаатайгаар хулгайлан, бусдад худалдсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Шүүгч Натан Эрасмус “Хүн худалдаалсан гэмт хэрэгт бүх насаар хорих, хүн хулгайлсан гэмт хэрэгт 10 жилийн ял оноож байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд шүүх танхимд байсан иргэд алга ташиж, шийдвэрийг дэмжжээ. Шүүгч ялын шийдвэрийг гаргахад нэг цаг гаруй хугацаа зарцуулсан бөгөөд яллагдагчид гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмшлийн шинж илрээгүй нь хатуу ял оноох үндэслэл болсон гэдгийг онцолсон байна.
Цагдаагийн байгууллага хохирогчийг Өмнөд Африк болон олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж буйгаа мэдэгдсэн. Орон нутгийн цагдаагийн комиссар Тэмбисиле Патекиле “Жошлинд юу тохиолдсоныг бид илрүүлэх хүртлээ хэзээ ч бууж өгөхгүй” гэж хэлжээ.
Хохирогч охины эмээ Аманда Смит-Даниэлс “Тэдний авсан ямар ч ял ач охиныг минь буцааж авчрахгүй” хэмээн шүүх хурлын дараа хэвлэлд сэтгэлийн гүн өвдөлттэй ярьсан байна.
Шүүх хурлын үеэр 30 гаруй гэрчээс мэдүүлэг авахад сэтгэл сэрдхийлгэм баримтууд ил болжээ. Тухайлбал хөрш Лорентиа Ломбард Смитийг охиноо уламжлалт домч “сангома”-д зарсан тухай ярьж байсан хэмээн гэрчилсэн бол охины нүд, арьсыг сонирхсон худалдан авагчийн тухай ч дурдсан байна.
Жошлины багш түүнийг “Чингэлэгт ачигдаад Баруун Африк руу явсан” гэж Смит хэлэхийг сонссоныг гэрчилсэн бол орон нутгийн пастор 2023 онд Смит гурван хүүхдээ зарах талаар ярьж байсан тухай мэдүүлэг өгчээ. Шүүхэд оролцсон нийгмийн ажилтан Ракел Смитийг “өөрийн охиноо бусдад худалдах гэмт хэргийг зохион байгуулсан байхад гайхах зүйлгүй хүн” хэмээн дүгнэсэн байна.
