Өмнөд Солонгосын шүүх 36 долоо хоногтой урагийг үр хөндөлтийн аргаар хөнөөсөн гэх хэрэгт эмнэлгийн ажилтнууд болон үр хөндүүлсэн эмэгтэйг хүн амины хэрэгт буруутгасан байна.
Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хурлаар үр хөндүүлсэн эмэгтэйд 3 жилийн хорих ял оноож, 5 жилийн тэнсэн харгалзах шийтгэл ногдуулжээ. Үр хөндөлт хийсэн хоёр эмчийг мөн хүн амины хэрэгт тооцон ялласан бөгөөд эмнэлгийн захиралд 6 жилийн хорих ял, 1.5 сая воны торгууль, 1.15 тэрбум воны хөрөнгө хураах шийтгэл, мэс заслын эмчид 4 жилийн хорих ял тус тус оноосон байна.
Шүүхийн тайлбарын дагуу ургийг кесар хагалгаагаар гарган авч, дараа нь хөлдөөгчинд хийж амьгүй болгосон тул энэ үйлдлийг хүн амины хэрэг гэж үзжээ. Тус улсад 24 долоо хоногоос хойш үр хөндөлт хийхийг хориглодог гэж мэдээлэлд дурдсан байна. Гэвч 2019 онд Үндсэн хуулийн цэц өмнөх хуулийг хүчингүй болгосноор шинэ хууль батлагдаагүй, эрх зүйн “хоосон зай” үүссэн нь шүүмжлэл дагуулж байгаа аж.
Мөн шүүх хүүхэд өсгөх таатай орчин хангалтгүй, ялгаварлан гадуурхалт өндөр байдаг нь эмэгтэйчүүдэд бодит хүндрэл учруулдгийг харгалзан үзэж, ялыг нь хөнгөрүүлсэн гэж тайлбарлажээ. Гэхдээ шүүгдэгч тухайн үйлдэл хийхээсээ өмнө хүүхдээ үрчлүүлэх зэрэг өөр хувилбаруудыг урьдчилан судлах шаардлагатай байсан гэж үзэн буруутгасан байна.





