Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь аль хэдийнэ хасагдсан байх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 2,269 гэмт хэрэг илрүүлэн шалгажээ. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож буй зарим иргэн хууль, хариуцлагыг үл тоон, бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэж буйг харуулж байна.
Ийм төрлийн зөрчил, үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарна. Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтуурсан, мансуурсан эсэхээ хуульд заасан журмаар шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд дараах ял шийтгэлүүдийн аль нэгийг оноох боломжтой.
- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1–3 жил хүртэл хугацаагаар дахин хасах,
- 2,701–14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
- 240–720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,
- 6 сараас 3 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах,
- эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт хандан: согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хугацаа бага, зай ойр байхаас үл хамааран огтхон ч жолоо барихгүй байх, жолоодох эрхээ хасуулсан бол эрхээ сэргэтэл ямар ч тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь хувь хүний үндсэн хариуцлага гэдгийг сануулж байна.
Нэг удаагийн “яах вэ дээ” гэсэн хайхрамжгүй шийдвэр нь олон хүний амьдралыг эргэж засагдашгүйгээр өөрчилж болзошгүйг үргэлж бодолцох хэрэгтэй.





