2025 оны долоодугаар сарын 29-ний шөнө Монголын шөнийн тэнгэрт жил бүр тохиодог хамгийн үзэсгэлэнтэй одон орны үзэгдлүүдийн нэг болох “Ихэр солирын бороо” (Southern Delta Aquariids) ажиглагдана.
Одон орончдын мэдээлж буйгаар солирын бороо нь долоодугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00:00–04:00 цагийн хооронд хамгийн тод, хамгийн гайхалтайгаар үзэгдэх бөгөөд энэ үеэр тэнгэр “галан зураас”-аар дүүрэх аж.
“Хөдөө тал нутагт энэ үзэгдэл илүү тод, үзэсгэлэнтэй харагдах тул гэрэл багатай бүсийг сонгох нь зүйтэй. Нүд харанхуйд дасахад 20 минут хангалттай. Ямар ч дуран, телескоп хэрэггүй — зүгээр л тэнгэр лүү ширтэхэд л хангалттай” хэмээн одон орон судлаачид зөвлөжээ.
Солирын бороог үзэхэд хамгийн тохиромжтой бүсүүд:
- Баянхонгор аймгийн Их Богд уулын орчим
- Өмнөговь аймгийн Даланзадгадын говийн бүс
- Хөвсгөл аймгийн Жанхайн өндөрлөг газрууд
- Архангай аймгийн Тэрхийн Цагаан нуур орчим
- Төв аймгийн Эрдэнэсант болон Баянчандмань сумын хээр талууд
Солирын бороо өмнө зүгт чиглэсэн харагддаг учир эдгээр бүс нутаг шөнийн тэнгэрийн гайхамшгийг мэдрэх хамгийн тохиромжтой газруудын тоонд багтаж байна.
Ийм төрлийн байгалийн ховор үзэгдэлтэй учрах боломж ховор тул та энэ шөнийг алдалгүй тэнгэр рүү харж, орчлонгийн гайхамшгийг мэдрээрэй.