Америкийн технологийн тэргүүлэгч OpenAI компани дэлхийн улс орнуудад үндэсний хиймэл оюуны дэд бүтэц хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх шинэ санаачилгаа зарлалаа. Тус компанийн зүгээс мэдэгдснээр, хиймэл оюун ухаанд суурилсан тусгаар, уян хатан системийг бүтээхийг зорьж буй орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
OpenAI-ийн мэдэгдэлд “Ирээдүйн эдийн засаг, хөгжлийн гол тулгуур нь хиймэл оюун ухаан болж буй нь улам бүр тодорхой болж байна. Ардчилсан үнэт зүйлс дээр суурилсан технологи хөгжүүлэлт нь авторитар хувилбараас зайлсхийх цорын ганц бодит гарц юм” гэж онцолжээ.
“The OpenAI for Countries” нэртэй энэхүү санаачилга нь АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй, 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Stargate төслийн бүрэлдэхүүн хэсэг ажээ. Төслийн хүрээнд OpenAI компани улс орнуудын онцлогт тохируулсан, хэл, соёлын хувьд нийцтэй хувилбаруудыг хөгжүүлж, тухайн улсын боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээг сайжруулах зорилготой ажиллана.
OpenAI нь өөрийн ChatGPT платформыг ашиглан олон улсын зах зээлд төрөлжсөн хэл, хэрэглээнд нийцсэн шийдлүүдийг санал болгож байгаа бөгөөд тус компанийн зүгээс хэдийнэ олон улс орноос ижил төрлийн хүсэлт хүлээн авсан тухай мэдэгдсэн юм.
Төслийг хэрэгжүүлэх санхүүжилт нь OpenAI болон оролцогч улс орнуудын хамтын түншлэлээр шийдэгдэх бөгөөд цаашид дэлхийн олон улс оронд хиймэл оюуныг ардчилсан зарчмаар нутагшуулах шинэ шатны эхлэл болох хүлээлттэй байна.