Өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байрлах гэрт хулгай орж, үнэ бүхий эд зүйлс алдагдсан тухай мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.
Харин уг хэрэгтэй холбоотойгоор М.Нарантуяа-Нара гишүүн цахим орчинд байр сууриа илэрхийлэхдээ ёс бус хараалын шинжтэй үг хэллэг ашигласан, мөн шаардлага тавьсан зарим хүмүүстэй зүй бус байдлаар маргалдсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ нь төрийн түшээ хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл гэсэн байр суурь олон нийтэд гарчээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн тайлбар өгч, өргөдөл гомдол албан ёсоор ирээгүй тохиолдолд хариуцлагын асуудал ярих боломжгүй гэдгийг онцолсон байна.
“Ямар нэг байдлаар өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд гишүүнд хариуцлагын асуудал ярих боломжгүй. Ойрын хугацаанд М.Нарантуяа-Нара гишүүнтэй уулзаж, энэ талаар ярилцана.”
— Б.Хэрлэн





