-9.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Өрх, сумын эмч, сувилагчид Туркт үе шаттайгаар мэргэшиж эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын анхан шатны эрүүл мэндийн ажилтнууд Турк Улсад шат дараатайгаар мэргэжил дээшлүүлэх нь албан ёсоор тохиролцогдлоо. Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглугийн урилгаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны арваннэгдүгээр сарын 24-26-нд тус улсад ажлын айлчлал хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах бодит алхмуудыг тохирсон байна.

Стратегийн түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн хамтын ажиллагаа эрчимжив

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг 2024 онд тэмдэглэсэн бөгөөд үүнээс өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Анкара хотод төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбар сүүлийн жилүүдэд хамтын ажиллагааны хамгийн идэвхтэй, эрчимтэй хөгжиж буй чиглэлүүдийн нэг болоод байна.

Айлчлалын үеэр сайд Ж.Чинбүрэн Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглутай хоёр талын албан ёсны уулзалт хийж, Засгийн газар хоорондын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, практик ажлуудыг урагшлуулах талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Ялангуяа 2025 оны есдүгээр сард Туркийн Эрүүл мэндийн сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцан тохирсон санаачилгуудыг бодит ажил болгон хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгосон байна.

Өрх, сумын түвшнээс эхэлсэн сургалт: эмч, сувилагчид Туркт бэлтгэгдэнэ

Хамтын ажиллагааны хамгийн чухал чиглэлүүдийн нэг нь эмч, сувилагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх сургалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудал байв. Талуудын тохиролцсоноор Монголын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Турк Улсад шат дараатайгаар сургах, эхний ээлжид өрхийн эрүүл мэндийн төв болон сумын эмнэлгийн эмч, сувилагчдыг хамруулах болсон нь онцлог алхам болж байна.

Мөн Улаанбаатар хотод шинээр байгуулагдах Хавдар судлалын үндэсний төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг Туркт дадлагажуулж, тусгай хөтөлбөрөөр сургах, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхээр талууд тохирсон байна. Туркийн тал өндөр чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх, хамтарсан төслүүдийг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Нярайн эндэгдэл, зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах хамтарсан алхам

Цаашид нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр тусгай сургалтуудыг зохион байгуулахаар боллоо. 2026 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо нярайн эмч, эх баригч, нярайн сувилагч нарт зориулсан ур чадварын сургалтыг Туркийн талтай хамтран зохион байгуулахаар талууд тохиролцсон байна.

Нөгөөтэйгүүр, Турк Улс зүрхний шигдээсийн шалтгаант нас баралтын түвшинг мэдэгдэхүйц бууруулж чадсан сайн туршлагатай орон бөгөөд энэ туршлагыг Монголын эрүүл мэндийн тогтолцоонд нутагшуулах, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, яаралтай тусламжийн зохион байгуулалт, эмчилгээний шатлалын менежмент зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцжээ.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүжилтийн үр ашгийг сайжруулах чиглэлээр Туркээс мэргэжилтэн, шинжээчдийг Монголд урьж ажиллуулах, туршлага солилцох саналыг мөн хоёр тал дэмжсэн байна.

Гадаад эмчилгээний урсгалыг зохион байгуулалттай болгоно

Сүүлийн жилүүдэд Монгол Улсаас Турк Улсад эмчилгээ хийлгэх иргэдийн тоо тогтмол өсөж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа, зохицуулалтыг сайжруулах шаардлага үүсгээд байна.

Иймээс айлчлалын үеэр Монголын Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд ажилладаг гадаад эмчилгээг зохицуулах нэгж болон Турк Улсын Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төв хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцжээ.

Энэ хүрээнд гадаад эмчилгээнд явж буй иргэдийн эмчилгээний аюулгүй байдал, мэдээллийн урсгал, хяналт, чанарын баталгааг сайжруулах, хоёр талын байгууллагуудын шууд харилцааг нэмэгдүүлэх, эмчилгээний бүх шатанд ил тод, найдвартай зохион байгуулалттай систем бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here