Ойрх Дорнодын нөхцөл байдал улам хурцдаж буй энэ үед ОХУ АНУ-д хандан Иранд цэргийн довтолгоо хийхгүй байхыг албан ёсоор хүссэн тухай тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Санкт Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдлээ. Тэрээр “Ийм алхам нь бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулна” хэмээн анхааруулав.
2024 оны нэгдүгээр сард ОХУ, Иран хоёр стратегийн түншлэлийн 20 жилийн гэрээнд гарын үсэг зурсан ч уг баримт бичигт харилцан цэргийн тусламж үзүүлэх үүрэг тусгагдаагүй байна. ОХУ нь Украины дайнаас болж олон улсад шахалт үзүүлүүлж байгаа хэдий ч Израильтай харилцаагаа хадгалсаар байгаа юм.
Саяхан Москва Израиль, Ираны хоорондын мөргөлдөөнийг зохицуулах зуучлагчийн үүрэг гүйцэтгэх санал гаргасан боловч хоёр тал одоогоор хүлээн аваагүй байна.
ОХУ-ын өндөр албан тушаалтнууд Ираны нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж эхэлсэн бөгөөд Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин уг сөргөлдөөн ноцтой түвшинд хүрсэн гэж мэдэгдсэн бол ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова цөмийн байгууламжууд өртсөн нь дэлхий нийтэд аюултай болохыг анхааруулсан юм.
“Цөмийн байгууламж руу цохилт өглөө. Хүмүүс яагаад чимээгүй байна вэ? Байгаль хамгаалагчид хаана байна вэ? Та нар цацраг идэвхи өөрт нь хүрэхгүй гэж бодож байгаа юм уу? Фүкүшимаг санаарай!” хэмээн Захарова мэдэгдэв.
Оросын хувьд Ираны дэглэмийн уналт нь бүс нутгийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, өөрийн геополитикийн сонирхолд ноцтой цохилт болно. Учир нь Сирийн Башар аль-Ассадын дэглэмийг алдаад удаагүй байгаа ОХУ-ын хувьд Тегераны түншлэл ч чухал ач холбогдолтой.
Өнгөрсөн Бямба гарагт Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, яриа хэлэлцээ эхлүүлэх санал тавьсан бөгөөд Трамп энэ саналд нээлттэй хандсан байна.
Гэвч Израиль-Ираны сөргөлдөөн Орост зарим талаар ашигтай байж болох юм. Тухайлбал, газрын тосны үнэ өсөх нь ОХУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна Украины дайны асуудал дэлхийн анхаарлаас түр холдох боломжийг бүрдүүлнэ.