Украины эсрэг ОХУ нэг удаад хамгийн их хэмжээний довтолгоо хийсний дараа АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп ер бусын хатуу мэдэгдэл хийж, Владимир Путинийг “галзуурсан” гэж шуудхан нэрлэв.
Ням гарагийн шөнө Оросын арми Украины нутаг дэвсгэр рүү 367 ширхэг пуужин, нисгэгчгүй онгоц зэрэг агаарын зэвсгээр довтолсон нь дайны эхний өдрүүдээс хойших хамгийн том довтолгоо болжээ. Энэ халдлагын улмаас 12 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан байна.
Тус халдлагын дараа Трамп сошиал хуудсаараа дамжуулан дараах байдлаар бухимдлаа илэрхийлсэн юм:
“Түүнд яг юу тохиолдоо вэ? Тэр маш олон хүний амийг хөнөөж байна. Тэр үнэхээр галзуурчээ!” гэж тэр бичжээ.
Энэ мэдэгдэл Трампын хувьд ердийн байр суурь бус байсан бөгөөд тэр Путинтэй хувийн харилцаагаа олонтаа онцолдог байсан билээ. Гэсэн ч Ням гарагийн орой Нью Жерсид болсон хэвлэлийн уулзалтын үеэр тэр өөрийн сэтгэл зовнилоо илэрхийлж,
“Би түүнийг (Путин) эртнээс мэддэг, үргэлж найрсаг харилцаатай байсан. Гэхдээ тэр хотууд руу пуужин харваж, хүмүүсийг алж байгаа нь надад огтхон ч таалагдахгүй байна” хэмээн онцолсон юм.
Трамп цааш нь,
“Тэр Украины нэг хэсгийг биш, бүхлээр нь авахыг хүсэж байгааг би үргэлж хэлдэг байсан. Энэ нь батлагдаж байх шиг байна. Хэрвээ ингэвэл Орос улс сүйрэх болно!” хэмээн анхааруулсан нь олон нийтийн анхаарлыг татлаа.
Гэсэн ч тэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг ч шүүмжлэхээ мартаагүй бөгөөд дараах байдлаар бичжээ:
“Түүний ярьж байгаа зүйлс эх орондоо ямар ч тус нэмэр болохгүй байна. Түүний амнаас гарсан үг бүр асуудал үүсгэдэг. Энэ надад таалагдахгүй байна. Үүнийгээ зогсоосон нь дээр” гэж тэр тодорхой илэрхийлсэн байна.
Энэ бүхний өмнө Зеленский Вашингтоны талын чимээгүй байдал нь Путинийг улам зоригжуулж байгааг шүүмжлэн, АНУ болон холбоотнуудаасаа илүү хатуу хориг арга хэмжээ авахыг уриалсан билээ.
Хэдийгээр Трамп болон Путин нар өнгөрсөн долоо хоногт хоёр цагийн турш утсаар ярилцсан ч дайны галыг зогсоох тал дээр ахиц гарсангүй. Харин Европын холбоотнууд АНУ-ын оролцоог хүлээлгүйгээр Оросын газрын тосны экспортын эсрэг шинэ хориг арга хэмжээгээ зарлаж амжсан юм.
Мөн тавдугаар сарын 16-нд Истанбулд болсон Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт гал зогсоох асуудлаар тодорхой ахиц гаргаагүй ч олзны хүмүүсийг харилцан солилцох тохиролцоонд хүрсэн. Энэхүү ажиллагаа гурван өдөр үргэлжилж, өнгөрсөн Ням гарагт дууссан байна.
Нөхцөл байдал ноцтой байгаа ч Трампын мэдэгдэл урьдын адил чанга, сэтгэл хөдөлгөм байна