-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Оросын дрон Украины зорчигч тээврийн галт тэргэнд цохилт өгч, таван хүн амиа алджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Зүүн хойд нутгийн шөнийн аймшиг

Мягмар гарагийн шөнө Украины зүүн хойд хэсэгт зорчигч тээврийн галт тэрэг Оросын нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, дор хаяж таван хүн амиа алдсан хэрэг гарлаа.

Украины албаныхны мэдээлснээр, уг галт тэрэг нь баруун хилийн Чоп хотоос (Унгар, Словактай залгаа) Харьков мужийн Барвинкове хот руу явж байсан бөгөөд дайралтын үеэр замынхаа тодорхой хэсэгт дронд онилогджээ. Орон нутгийн сүлжээнд тавигдсан гэрэл зургууд шатаж буй хоёр вагон, зам дагуух гэмтлийг харуулж байна.

Зеленский: “Иргэний галт тэргэнд дроноор цохилт өгөх нь терроризм”

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский халдлагын дараа сошиал хуудсаараа байр сууриа илэрхийлж, болсон явдлыг хатуу шүүмжлэв. Тэрбээр:

“Аль ч улсад иргэний галт тэрэгт дроноор довтлохыг терроризм гэж үзнэ. Үүнийг цэрэг дайны зорилготой ажиллагаа гэж үзэх ямар ч боломжгүй”
хэмээн мэдэгдэж, энэ бөмбөгдөлтийг энх тайвны хүчин чармайлтыг сааруулж, хорлож буй үйлдэл гэж тодорхойлсон байна.

Түүнчлэн Зеленский Украинд үзүүлэх дэмжлэг, Москвад ирэх улс төр, эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэхийг холбоотон орнуудад дахин уриалжээ.

Хоёр зуун гаруй зорчигчтой галт тэргэнд гурван дрон цохилт өгчээ

Украины прокурорын байгууллагын мэдээллээр, Оросын нэг нисгэгчгүй онгоц шууд галт тэргийг онилж цохилт өгсөн бол өөр хоёр дрон ойролцоо газарт дэлбэрсэн байна.

Галт тэргэнд нийт 200 гаруй зорчигч зорчиж байсан бөгөөд цохилт авсан вагонд 18 хүн явж байсныг Зеленский онцолжээ. Халдлагын улмаас таван хүн амиа алдаж, хэд хэдэн зорчигч шархадсан талаар урьдчилсан мэдээлэл өгөөд байна.

Украины засгийн газрын шадар сайд Олексий Кулеба халдлагыг “Оросын террорист үйлдэл” хэмээн нэрлэж, иргэний зорчигч тээврийн аюулгүй байдалд санаатайгаар цохилт өгсөн гэж буруушаав.

Одесса дахин дроны дайралтад өртөж, жирэмсэн эмэгтэй хүнд бэртжээ

Галт тэрэг рүү хийсэн дайралтын өмнөх өдөр Украины өмнөд нутгийн гол боомт болох Одесса хот мөн томоохон дронны дайралтад өртсөн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Оросын 50-иас дээш тооны нисгэгчгүй онгоцыг ашигласан дайралтын үеэр гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархаджээ.

Хар тэнгисийн эрэг дээр орших, Украины экспортын гол төв болсон Одесса хот нь дайны эхнээс хойш агаарын цохилтын бай байсаар ирсэн. Одесса мужийн захирагч Олег Киперийн мэдээлснээр шархадсан хүмүүсийн дунд 39 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй, хоёр охин байсан нь олон нийтийн айдас, уур бухимдлыг улам нэмэгдүүлж байна.

Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайн Украины иргэний дэд бүтэц, зорчигч тээврийн сүлжээ, боомтуудыг байнга онилж байгаа нь сүүлийн өдрүүдийн галт тэрэг болон Одессагийн дайралтаар дахин тод харагдлаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу