Багш, ажилчдын цалинг 20 хувиар нэмэх зарчмын шийдвэр гарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар боловсролын салбарын цалин, цахим сургуулийн асуудлыг хэлэлцжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр мэдээлэл хийхдээ, багш, ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмэх зарчмын шийдвэр гарсныг мэдэгдэв.
Түүний хэлснээр боловсролын салбарт ажиллаж буй 90 мянга гаруй хүний цалин 20 хувиар нэмэгдэхээр болж байгаа бөгөөд энэ шийдвэрийг гаргахын тулд урсгал зардал буюу зарим хөтөлбөр, үйл ажиллагаанаас таналт хийх шаардлагатай болжээ.
“3.5 сая төгрөгийн цалин нэмэх бол эдийн засгийн хувьд боломжгүй”
Сайд П.Наранбаяр хэлэхдээ:
“Үндсэн цалинг маргаашаас ₮3.5 сая болгох ямар ч эдийн засгийн боломж байхгүй. Ийм хэмжээнд нэмэхийн тулд 3.3 их наяд төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардагдана. Бид энэ асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр гурван жилийн төлөвлөгөө гаргаж байна” гэж онцоллоо.
Тэрээр мөн ажил хаялт зарласан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд хандан, эдийн засгийн бодит бололцоог харгалзан үзэх шаардлагатайг тэмдэглэв.
Монголын боловсрол цахим шилжилтэд орж байна
Хуралдаанаар мөн цахим сургууль байгуулах Засгийн газрын тогтоол батлагджээ. Энэ хүрээнд ахлах сургуулийн 17 мянган сурагч цахим хэлбэрийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах боломжтой болно.
П.Наранбаяр хэлэхдээ:
“Цахим сургууль нь орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай боловсролыг бүх хүүхдэд хүргэх боломжийг нээж байна. Жишээлбэл, Дорнодын Матад сумын сурагч Улаанбаатарын шилдэг багшийн хичээлийг шууд үзэж чадна” гэж тайлбарлав.
Одоогоор 427 багш цахим платформ дээр ажиллаж, 20 мянга гаруй хичээл цахим санд байршуулсан бөгөөд бүх сурах бичиг интерактив хэлбэрт шилжжээ. Энэ нь Монгол Улсын боловсролыг илүү хүртээмжтэй, орон зайгаас үл хамаарах түвшинд хүргэх шинэ шат болж байна.