Монголын цахим спортын нэр хүндийг дэлхийд өндөрт өргөсөн “The MongolZ” багийн тамирчид УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой уулзаж, цахим спортын хөгжлийг дэмжихэд шаардлагатай хууль, бодлогын орчны талаар санал бодлоо хуваалцлаа.
2025 оны эхээр АНУ-д болсон “BLAST.tv Austin Major” тэмцээнд Counter-Strike 2 төрлөөр Ази тивээс анх удаа дэд байрт шалгарсан нь Монголын цахим спортын түүхэнд томоохон амжилт болж үлдсэн. Энэхүү амжилтыг гаргасан багийн тамирчид цахим спортын салбарт тулгамдаж буй гол асуудлуудын нэг болох татварын бодлогын талаар төр засгийн зүгээс анхаарахыг хүсэв.
Одоогийн хуульд аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвараас чөлөөлөгдөн, нийгмийн хариуцлагын хүрээнд зарим төрлийн спортын үйл ажиллагааг дэмжих боломжтой. Гэвч цахим спорт буюу и-спортын төрлийг энэ зохицуулалтад тусгаагүй байгаагаас тус салбарын хөгжлийг дэмжихэд хүндрэл учирч байгаа юм.
Тамирчид, И-спортын холбооны төлөөлөл хууль санаачлагчдад хандан энэ зохицуулалтыг сайжруулах, цахим спортын төрлийг албан ёсоор хуулийн хүрээнд тусгаж өгөхийг хүслээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Цахим спорт бол залуусын шинэ хандлага, дэлхийн спортын салшгүй хэсэг болж буйг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ салбарыг эрх зүйн хүрээнд зөв зохицуулж, бодлогын түвшинд дэмжих нь зүйтэй” хэмээн онцолж, асуудлыг судалж, хууль эрх зүйн хувьд шийдэлд хүргэхээр ажиллахаа илэрхийллээ.