Ромын шинэхэн пап Лео үндсэрхэг үзэл болон ялгаварлан гадуурхах хандлага дэлхий даяар газар авч байгааг Ням гаригт Гэгээн Петрийн талбайд болсон цуглааны үеэр эрс шүүмжиллээ. Тэрээр тодорхой улс, нэр бүхий удирдагчдыг нэрлээгүй ч нийгэмд ноёрхох болсон хуваагдал, сэтгэлгээний хана хэрэмд анхаарал хандуулахыг уриалсан юм.
“Хана бус, гүүр барья”
АНУ-аас тодорсон Пап Лео илтгэлдээ:
“Биднийг хөршүүдээс маань тусгаарлаж буй аюулгүй бүсүүд болон улс төрийн үндсэрхэг үзэлд илрэх болсон гадуурхах сэтгэлгээнд орших газар үгүй. Хүмүүс хоорондын хилийг нээж, анги давхарга хоорондын хязгаарлалтыг нураах ёстой. Өөрөөсөө өөр нэгнээс айж, жигшдэг байдлыг таслан зогсоох ёстой” хэмээн онцоллоо.
Тэрээр хүний эрх, энэрэнгүй үзлийг дээдэлсэн нээлттэй нийгмийн төлөөх байр сууриа илэрхийлж, нийгмийг улам бүр хувааж буй популист улс төрийн хэлбэрүүдийг зэмлэв.
Кардиналаас Пап лам хүртэлх замнал
Пап Лео хэмээн нэрлэгдсэн Кардинал Роберт Превост 2025 оны 5-р сарын 8-нд католик шашинтнуудын тэргүүнээр сонгогдсон бөгөөд 1.4 тэрбум дагагчтай Ромын Католик Сүмийн удирдагч болсон юм. Тэрээр лам болохоосоо өмнө АНУ-ын улс төр, тэр дундаа Дональд Трампийн бодлогыг ил тод шүүмжилдэг нэгэн байжээ.
Трампийн эсрэг байр суурь
Папа Леогийн нэртэй холбогддог “drprevost” нэртэй цахим хаягнаас Трамп болон түүний дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нарын талаар хэд хэдэн шүүмжлэл гарч байжээ. Гэвч уг хаяг үнэхээр пап Леогийнх эсэхийг Ватикан албан ёсоор баталгаажаагүй бөгөөд шинэ пап тодорсны дараа тус хаяг идэвхгүй болсон байна.
Өмнөх Пап Францис ч адилхан байр суурьтай байсан
2013-2025 онд Ромын папа байсан Пап Францис ч мөн Трампийн бодлогыг шүүмжилж байв. Тэрээр Трампийн цагаачдыг албадан гаргах төлөвлөгөөг “гутамшиг” гэж нэрлэж, 2016 онд “Хэрэв хүн гүүр биш хана барих тухай л бодож явдаг бол тэр христийн шашинтан биш” гэж хүртэл мэдэгдэж байжээ.