27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Парктаа 100 жил тоглоцгооё — Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн зуун жилийн уриатай өдөрлөг зохион байгууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Жилийн өмнө үүд хаалгаа нээж байсан Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр хотын иргэдийн хувьд хүүхэд залуусын хөгжил, гэр бүлээрээ амарч зугаалах амьд, эрүүл орчны бэлгэдэл болон төлөвшиж байна. Багачууд инээд хөөртэйгөөр тоглон шуугилдаж, залуус скэйтбордоор гулгаж, хүмүүс зүлгэн дээр тухлан амарч, задгай театрт уран бүтээлээр амьдралын амтыг мэдрүүлж буй энэхүү ногоон орон зай зун цагийн өнгийг тодотгож байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон “100 жилийн парк” уриатай онцгой өдөрлөг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүд аварга том трамполин дээр үсэрч наадан, танин мэдэхүйн аяллаар оролцож, өөрсдийн бүтээлээ хийж, 100 жилийн дараах паркийг хэрхэн төсөөлж байгаагаа зургаар илэрхийлсэн нь баяр хөөр, дурсамжаар дүүрэн нэгэн өдрийг бүтээв.

Монголчууд бие биедээ “100 насал” хэмээн ерөөж ирсэн уламжлалтай. Энэхүү утга бэлгэдлийг шингээж, цэцэрлэгт хүрээлэнгийн байнгын түнш Рио Тинто Монгол компани “100 жилийн парк” уриалгыг дэвшүүлэн, орон зайгаа хамтдаа хамгаалж, ирээдүй хойч үедээ энэхүү ногоон төглийг бүрэн бүтэн үлдээхийг уриаллаа.

Парктаа 100 жил тоглохын тулд зочид дараах хялбар боловч хариуцлагатай зарчмуудыг хэрэгжүүлэхийг уриалсан байна. Үүнд: хог хаягдлаа зориулалтын саванд хийх, дүрэм тэмдэглэгээг дагаж мөрдөх, эелдэг хандах, тайван уур амьсгалыг хадгалах, бусдыгаа мөн уриалж сануулах зэргийг онцолжээ.

Зуны улирал эхэлснээр тус парк олон нийтэд зориулсан хөгжим, яруу найраг, гэрэл зургийн үзэсгэлэн, гүйлтийн өдөрлөг зэрэг төрөл бүрийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд зуны турш сонирхолтой үйл явдлууд үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн бол зөвхөн нэг улиралд бус, олон үе дамнан оршин тогтнох, хүн бүрийн сэтгэлд мөнхрөх орон зай болж хөгжиж байгаагийн тод жишээ юм. Иймд бүгдээрээ ногоон орчноо хайрлаж, энэхүү паркт 100 жил тоглоцгооё.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here