Германы зэвсэг үйлдвэрлэгч Rheinmetall болон АНУ-ын батлан хамгаалахын гигант Lockheed Martin компаниуд Европ тивд пуужингийн үйлдвэрлэл явуулах хамтарсан үйлдвэр байгуулахаар албан ёсоор шийдвэрлэжээ. Энэ шинэ үйлдвэр нь ATACMS, HIMARS, Patriot PAC-3, Hellfire, JAGM зэрэг стратегийн өндөр ач холбогдол бүхий пуужингуудыг үйлдвэрлэх юм байна.
Хамтын ажиллагааны гол зорилго
Rheinmetall компанийн гүйцэтгэх захирал Армин Паппергер-ийн мэдээлснээр тус үйлдвэр:
150 болон 300 км тусгалтай ATACMS, HIMARS системийн пуужин
Patriot PAC-3 агаарын довтолгооноос хамгаалах пуужин
Hellfire, JAGM дрон болон нисэх онгоцны эсрэг хэрэглэгддэг пуужинг үйлдвэрлэх юм
“Америкаас пуужин авахын тулд заримдаа арван жил хүлээх болдог нь хэтэрхий урт хугацаа. Тиймээс бид Европ тивд пуужингийн үйлдвэр байгуулахаар шийдсэн” гэж Паппергер тайлбарлав.
Үйлдвэрийн хүчин чадал ба эзэмшлийн бүтэц
Үйлдвэрийн 60 хувийг Rheinmetall эзэмшинэ
Жилд 10,000 ширхэг пуужин, ижил тооны хөдөлгүүр үйлдвэрлэх багтаамжтай
Жилийн орлогыг $5 тэрбум гэж тооцоолжээ
Үйлдвэрлэл хэзээ эхлэх вэ?
АНУ-ын засаг захиргааны зөвшөөрлийг авсны дараа 12-13 сарын дотор үйлдвэрлэл эхлэх боломжтой
Хөдөлгүүрийн үйлдвэрлэл 2026 оноос,
Пуужингийн үйлдвэрлэл 2027 оноос эхлэх төлөвтэй байна
Европын аюулгүй байдлын шинэ үе
Орос-Украины дайн эхэлснээс хойш, мөн АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлт орсноос үүдэн Европ тив өөрийн батлан хамгаалахын чадамжаа бэхжүүлэх эрмэлзэлтэй болсон. Тус шийдвэр нь энэ чиглэлд хийж буй томоохон алхам гэж шинжээчид үзэж байна.
Мөн 2025 оны хоёрдугаар сард болсон Мюнхений аюулгүй байдлын олон улсын чуулга уулзалтын үеэр дэлхийн тэргүүлэх зэвсэг үйлдвэрлэгчид Европт үйлдвэрлэл явуулах сонирхлоо илэрхийлж, энэ асуудал анхаарлын төвд байсан билээ.