Италийн тансаг зэрэглэлийн алдарт “Прада” брэнд Миланы загварын долоо хоногийн үеэр шинэ загварын сандаалаа танилцуулсан нь сошиал сүлжээнд шүүмжлэл дагуулж, тэр дундаа Энэтхэгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Тодруулбал, уг загвар нь Энэтхэгийн Махараштра болон Карнатака мужуудын уламжлалт Колхапури сандаалтай тун төстэй байсан нь асуудлын үндэс болсон юм.
Тус сандаал нь хуруу ил гарсан, сүлжмэл хэлбэртэй, арьсан материалаар хийгдсэн бөгөөд Прада үүнийг “арьсан гутал” хэмээн тодорхойлсон ч Энэтхэгийн уламжлал, гарал үүслийн талаар огт дурдаагүй нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлэв. Соёлын өмчлөл болон уламжлалыг хуулбарлах тухай асуудлыг олон нийт онцлон хөндөж эхэлсэн бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээнд хурцаар хэлэлцэгдэж байна.
Ийнхүү маргаан үүссэний дараа Прада брэнд өөрсдийн загвар нь үнэхээр Энэтхэгийн уламжлалт хэв маягаас сэдэвлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэд энэхүү загварын талаар Махараштра мужийн Худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн танхимтай холбоо тогтоосон болохоо мэдэгдэв. Түүнчлэн Прадагийн Корпорацийн нийгмийн хариуцлагын албаны дарга Лоренцо Бертелли уг загвар нь одоогоор эхний шатандаа байгаа бөгөөд цаашид Энэтхэгийн гар урчуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлжээ.
Колхапури сандаал нь XII зуунаас эхтэй, Энэтхэгийн Колхапур хотод гар аргаар үйлдвэрлэгддэг уламжлалт гутал бөгөөд халуун уур амьсгалд тохирсон, бат бөх хийцээрээ танигдсан байдаг. Хэдийгээр Энэтхэгт энэ төрлийн сандаал хэдхэн зуун рупи буюу хямд үнээр худалдаалагддаг ч Прадагийн хувилбарын үнэ хэдэн зуун фунтад хүрэх магадлалтай байгаа нь хүмүүсийн бухимдлыг улам бүр нэмэгдүүлжээ. Тус брэндийн вэбсайт дээр одоогоор үнээ нийтлээгүй ч өмнөх сандаалуудын жишгээс харахад £600–£1000 фунтын хооронд зарагддаг юм.