ОХУ-ын тээврийн сайд асан Роман Старовойт амиа алдсан байдалтай олдсон тухай тус улсын Мөрдөн байцаах хороо өчигдөр албан ёсоор мэдээллээ. Түүний цогцос бууны сумны шархтай байсныг онцолж, үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна.
Энэхүү эмгэнэлт явдал Владимир Путин Старовойтыг Даваа гарагийн өглөө албан тушаалаас нь чөлөөлснөөс хэдхэн цагийн дараа тохиолдсон нь олны анхаарлыг татаж байна. Түүнийг огцруулсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түүний оронд тээврийн дэд сайд Андрей Никитин үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.
Роман Старовойт 2024 оны тавдугаар сард ОХУ-ын тээврийн сайдаар томилогдсон бөгөөд өмнө нь зургаан жилийн турш Курск мужийн захирагчаар ажиллаж байв. Курск нь Украины хил орчим байрлалтай, өнгөрсөн онд цэргийн мөргөлдөөний үеэр ихээхэн хохирол амссан бүс нутаг юм. Саяхан Оросын Батлан хамгаалах яам тус мужийг “бүрэн чөлөөлсөн” гэж зарласан ч Украины тал зарим хэсэгт хяналтаа хадгалж буйгаа мэдээлж байв.
Старовойтын дараа Курск мужийг удирдсан Алексей Смирнов 2025 оны дөрөвдүгээр сард авлигын хэргээр баривчлагдсан. Түүнийг хил хамгаалалтын зориулалтаар олгогдсон төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан гэж буруутгаж байгаа бол зарим мэдээллийн дагуу энэ хэрэгт Старовойт ч холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Старовойт огцорсон тухай мэдээлэл цацагдсаны дараа сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос түүнийг огцруулах болсон шалтгааныг тодруулж, “Путиний итгэлийг алдсан” эсэхийг асуухад Песков “Итгэл алдсан бол итгэл алдсан гэж захирамжид бичигдэх ёстой. Харин энэ тохиолдолд тийм хэллэг ашиглаагүй” хэмээн хариулсан байна.