Кремлийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Курск мужид гэнэтийн айлчлал хийсэн байна. Энэ нь Оросын тал Курск мужийг Украины зэвсэгт хүчний хяналтаас бүрэн чөлөөлсөн гэж зарласнаас хойших анхны төрийн тэргүүний айлчлал юм.
Украины довтолгооны дараах анхны айлчлал
Путин өнгөрсөн мягмар гарагт Курск мужид очиж, хэд хэдэн стратегийн цэгээр зочилжээ. 2024 оны 8-р сард Украины зэвсэгт хүчин Курскийн хил давах довтолгоо хийж, тодорхой газар нутгийг хяналтдаа авч байсныг Оросын талаас өнгөрсөн сард бүрэн хөөж гаргасан гэж мэдэгдсэн.
Энэ үйл явдал нь Дэлхийн II дайнаас хойш ОХУ-ын нутаг дэвсгэр гадаадын цэрэгт эзлэгдсэн анхны тохиолдол байсан юм.
Умард Солонгосын оролцоо
Курск мужийг буцаан авах тулаанд Умард Солонгос 12,000 орчим цэрэг оролцуулсан гэх мэдээлэл оросын хэвлэлд гарсан ч, албан ёсоор батлагдаагүй байна.
Харин Украины талаас Курск муж дахь хяналтаа бүрэн алдсаныг үгүйсгэж байгаа аж.
Путин хаана зочлов?
Ерөнхийлөгч Путин Курскийн хоёрдугаар Цөмийн станцын барилгын талбайд очиж, сайн дурын ажилтнуудтай уулзсан тухайг Оросын төв телевиз мэдээлжээ. Уулзалт хаалттай орчинд, олон нийтгүйгээр болсон байна.
Сайн дурынхан Оросын төрийн далбаа болон “Z”, “V” тэмдэг бүхий дүрэмт хувцастай байсныг зурагнаас харж болно. Эдгээр тэмдэг нь Украины эсрэг эхлүүлсэн түрэмгийллийн бэлгэдэл болдог.
Путины хэлсэн үг
Уулзалтын үеэр Путин сайн дурынханд хандан:
“Энэ бүс нутаг төдийгүй нийт улс орны хувьд хүнд хэцүү цаг үед та нарын хийж буй ажил хамгийн утга учиртай, насан туршид тань мартагдахгүй зүйл юм” хэмээн онцолсон байна.
Мөн Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Александр Хинштейний дэвшүүлсэн дараах санаачилгуудыг Кремль дэмжиж буйгаа илэрхийлжээ:
- Дайны улмаас дүрвэсэн иргэдийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох
- Курскийн ард иргэдийн баатарлаг тэмцлийг харуулсан музей байгуулах