Шалгалтын урьдчилсан дүн
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр /2025.09.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ:
“Эмнэлгүүд нэмэлт санхүүжилт авахын тулд өвчний хуурамч түүх бичсэн зөрчил илэрсэн. Эмнэлгүүд санхүүжилт авахын тулд ханиадтай өвчтөнийг хатгаа авсан гэж, шинжилгээ өгөх хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх гэх мэтээр Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг хэт үрэлгэн байдлаар зарцуулдаг. Үүнээс болж Эрүүл мэндийн даатгалын сан доголдож, өр үүссэн нь шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байна” гэж онцлов.
Ажлын хэсгийн зорилго
Ерөнхий сайдын захирамжаар тусгай ажлын хэсэг байгуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн нөхцөл байдлыг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тусламж үйлчилгээний чанарыг үнэлэх зорилго тавьжээ. Уг ажлын хэсгийг С.Бямбацогт ахалж байгаа бөгөөд шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргаж, ноцтой зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр бэлтгэж буй аж.
Эрүүл мэндийн сайдын байр суурь
Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах байр суурийг илэрхийллээ:
“Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 316 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсныг Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байхдаа төлж барагдуулсан. Ийм байхад энэ оны эхний найман сарын байдлаар дахин 142 тэрбум төгрөгийн өр үүссэн. Үүнээс 130 тэрбум нь эмийн өр. Үүнээс болж, эм ханган нийлүүлэх компаниуд эмээ нийлүүлэхээ болих нөхцөл үүсээд байна. Санхүүжилтээ эмнэлгүүдэд ялгаж өгдөг зүйл ажиглагдсан. Боломжтой газруудад санхүүжилтийг 100 хувь өгчихөөд хэрэгцээтэй газар нь өгөхгүй өр үүсгэж байгаа асуудлыг шийдэх шаардлагатай.”
Цаашдын арга хэмжээ
Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо, санхүүжилтийн зарцуулалтад ил тод байдал болон хариуцлага шаардлагатай байгааг төрийн байгууллагынхан онцолж байна. Тухайн сангийн бүтцийг шинэчлэх, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, бодит хэрэгцээнд нийцсэн санхүүжилт олгох асуудалд Засгийн газар онцгойлон анхаарахаар болжээ.