10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

С.Цэнгүүн: Монгол Шуудан ХК Хүргэлтийн Үйлчилгээний Зах Зээлд Өрсөлдөж Чадахгүй байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Монгол Шуудан ХК-ийн үйл ажиллагаа болон үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаар холбогдох байгууллагын удирдлагын мэдээллийг сонссон байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Монгол Шуудан компанийн шинэчлэл, зах зээлд өрсөлдөх чадварын талаар байр сууриа илэрхийлжээ.

Цахим Худалдаа ба Хүргэлтийн Үйлчилгээ

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Цахим худалдаатай холбоотой хүргэлтийн асуудлыг ярих шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд 50 мянга орчим бизнес эрхлэгч онлайн үйл ажиллагаа явуулж байна. Энэ бизнесүүд өдөр бүр хүргэлт үйлчилгээгээр иргэдэд хүрдэг. Статистикаас харахад Улаанбаатар хотод өдөрт 240 орчим сая төгрөг эргэлдэж байна. Энэ бол асар том зах зээл. Цаашид ч өргөжих боломжтой. 2024 оны арваннэгдүгээр сараас Хятадын Temu онлайн дэлгүүр орж ирсэн. Хэдхэн сарын дотор 24 тэрбумын бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаас захиалсан байна. Энэ бүхнээс хүргэлтийн үйлчилгээний салбарт асар их нөөц боломж байгаа нь харагдаж байна” гэж онцолсон.

Монгол Шуудан ХК-ийн Өрсөлдөх Чадвар

С.Цэнгүүн Монгол Шуудан ХК-ийн захирлын хэлсэн үгийг иш татан, “Зах зээл жижиг учир бид бүрэн хүрч ажиллаж чадахгүй байна” гэдэг байр суурийг шүүмжилжээ. Тэрээр “Гэтэл орон зайдаа Монгол Шуудан өөрөө өрсөлдөж чадахгүй байна. 1990-ээд онд батлуулж байсан 48 цагийн дотор хаягт нь хүргэнэ гэсэн стандартаа бариад асар удаан байна. Харин хувийн хүргэлтийн компаниуд 12 цагийн дотор тухайн өдөрт нь хүргэлтээ хийнэ гэж маш шуурхай ажиллаж байгаа учраас хот, орон нутгийн иргэд хувийнхыг сонгож үйлчлүүлээд байгаа юм. Тэгэхээр Монгол Шуудан өрсөлдөөнд ялагдаад байна” гэж дүгнэсэн.

Төрийн Оролцоо ба Шийдвэр Гаргалт

С.Цэнгүүн Монгол Шуудан ХК-ийн удирдлагын бүтэц болон төрийн оролцооны асуудлыг хөндлөө. Тэрээр “Монгол Шуудан ХК-ийн 66 хувийг төр эзэмшдэг бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэл 24 хувийг эзэмшдэг. 10 хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Нээлттэй, хувийн компани удирдаж байгаа мэт харагддаг боловч шийдвэр гаргагч нь төр хэвээр байгаа. Төрийн оролцоог багасгаж 34 хувийг нь эзэмшээд хувийн оролцоог нэмэгдүүлбэл өрсөлдөх боломжтой харагдаж байна” гэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here