K-Tech Showcase арга хэмжээний үеэр шинэ үеийн Galaxy анх удаа олон нийтэд үзэгдэнэ
Өмнөд Солонгосын Samsung Electronics компани энэ долоо хоногт болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд гурав нугалаастай ухаалаг гар утсаа танилцуулах гэж байна гэж салбарын эх сурвалжууд мэдээлэв.
Танилцуулга хаалттай хэлбэрээр хийгдэнэ
Samsung-ийн мэдээлснээр, тус компани K-Tech Showcase нэртэй үзэсгэлэнд оролцож, гурав нугалаастай шинэ ухаалаг гар утас болон бусад хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ анх удаа олон нийтэд харуулах аж.
Гэхдээ шинэ утсыг зөвхөн шилэн хоргонд байршуулан үзүүлэх бөгөөд хэрэглэгчид болон сэтгүүлчдэд төхөөрөмжийг барьж үзэх, шалгах боломж олгохгүй. Дэлгэрэнгүй техникийн үзүүлэлт, онцлогуудыг ирэх арваннэгдүгээр сарын сүүл эсвэл арванхоёрдугаар сарын эхээр албан ёсоор зарлах төлөвтэй байна.
Төхөөрөмжийн бүтэц ба боломжит үнэ
Шинэ гурван дэлгэцтэй нугалааст загвар нь бүрэн дэлгэгдсэн үед таблетын хэмжээтэй, эвхсэн үед ердийн ухаалаг гар утасны хэмжээтэй байх бөгөөд илүү уян хатан, өргөтгөсөн хэрэглээний орон зайг санал болгоно гэж үзэж байна.
Өмнөх загвар болох Galaxy Z Fold 7 (256GB) нь 2.37 сая вон буюу ойролцоогоор 1660 ам.долларын үнэтэй байсан тул шинжээчид шинэ гурван нугалаастай утасны үнэ 3 сая воноос дээш, өөрөөр хэлбэл 2090 ам.доллар орчим байна гэж таамаглажээ. Эхний ээлжинд 50–100 мянган ширхэгийг худалдаанд гаргах төлөвтэй байна.
Танилцуулга болох арга хэмжээ
Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгосын Гёнжү хотод болох бөгөөд хуралдаанд хиймэл оюун ухаан, эрчим хүчний шилжилт, эдийн засгийн шинэчлэл зэрэг гол сэдвүүдийг хэлэлцэнэ. Энэхүү арга хэмжээнд АПЕК-ийн гишүүн орнууд болон дэлхийн бусад улсын нийт 1700 орчим төлөөлөгч оролцох юм.





