17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Сэлбэ голын далан зургадугаар сарын 30-нд бүрэн дуусна – Иргэдийн бухимдлыг шороон овоолго үүсгэжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн бүтээн байгуулалт энэ оны зургаадугаар сарын 30 гэхэд бүрэн дуусч, тохижилтын ажлууд эхлэхээр болжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэлийн хэлснээр уг төслийг “Билгүүн Монгол” констракшн компани гүйцэтгэж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажиллаж байна.

Тэрбээр мэдээлэхдээ Сэлбэ голын нийт 1,400 метр урттай үерийн хамгаалалтын бетон хийцийн ажил ид өрнөж байгаа бөгөөд үлдсэн 240 метрийн ажлыг энэ сарын хугацаанд дуусгана хэмээн онцоллоо. Харин уг ажлын явцад иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад байсан асуудлын тухайд тодруулга өгсөн юм.

“Бетон цутгалтын ажил хийхийн тулд уснаас хамгаалан шороон овоолго хийсэн нь тухайн үед таагүй байдал үүсгэсэн. Одоо шороог тэгшилж, цэвэрлэж байна. Шавар шавхайгүй, цэвэрхэн орчин бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа” хэмээн Л.Алтангэрэл хэлэв.

Төслийн хүрээнд зөвхөн үерээс хамгаалах инженерийн байгууламж бус, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх, ая тухтай орчин бүрдүүлэх тохижилтын ажил давхар хийгдэх юм. Сэлбэ голын эрэг дагуу ногоон байгууламж, явган хүний болон дугуйн зам, хоёр даланг холбосон гүүрэн байгууламж байгуулах төлөвлөгөө зураг төсөлд тусгагдсан бөгөөд авто замын бүтээн байгуулалт тусгагдаагүй байна. Тохижилтын ажлуудыг Хот төлөвлөлт, судалгааны газраас баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Ийнхүү олон нийтийн анхаарлыг татсан Сэлбэ голын далангийн ажил удахгүй дуусаж, хотын иргэдэд шинэ орчин, аюулгүй орчныг бий болгох чухал төсөл эцсийн шатандаа орсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here