Монголын сагсан бөмбөгийн холбооны 2025-2026 оны үндэсний “Дээд лиг”-ийн энэ улиралд анхаарал татаж буй багуудын нэгээр “Сэлэнгэ бодонс” нэрлэгдэж байна. Лиг эхэлснээс хойш тус баг бүрэлдэхүүн, тоглолтын хувьд нэлээд өөрчлөлт хийж, хэсэг хугацаанд дараалсан хожигдлын улмаас хүснэгтийн 9-10 дугаар байр руу ухрах нөхцөл ч гарч байв.
Гэсэн ч өчигдрийн тоглолтод “Сэлэнгэ бодонс” “Дархан Юнайтед”-ыг 76-74-өөр буулган авч, улирлын найм дахь хожлоо бүртгэлээ. Ингэснээр тэд хүснэгтийн 7-р байранд байр сууриа хадгалж байна.
Тоглолтын дараа “Сэлэнгэ бодонс” багийн тоглогч А.Ананд хожлын ач холбогдлыг онцолж, өрсөлдөөн ямар түвшинд байгааг тайлбарлав. Тэрээр “Хожил авсандаа баяртай байна. Манай багт өнөөдрийн хожил хэрэгтэй байлаа. Багууд 4-7-р байрт ижил түвшинд явна. Шинэ дасгалжуулагчтай болоод 3-4 тоглолт хийлээ. Багийн систем тэр чигээрээ өөрчлөгдсөн. Хамгаалалт дээр илүү сайн анхаарч байна. Манай багийн хувьд бие биенээ сайн ойлгож учраа олох. Аль болох тоглолтоос тоглолтын хооронд энэ байдал сайжирч байна. Плэй-оффт орох төлөвлөгөөтэй явж байна” гэж хэлжээ.
Одоогийн байдлаар хүснэгтийг “Би Си Эйч Найтс” 15 хожил, таван хожигдолтойгоор тэргүүлж байгаа бол “Хасын хүлэгүүд”, “Эс Жи Эйпс” багууд удаалж байна.






