Хүний зан төлөв, мэдрэмж, шийдвэр гаргалтад сэтгэл зүй гүн гүнзгий нөлөөлдөг. Гэсэн ч бид заримдаа өөрсдийгөө ч, өрөөлийг ч бүрэн ойлголгүйгээр шийдвэр гаргаж, үйлдэл хийдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан эдгээр нууцлаг сэдвийг судалж, хүн төрөлхтөн өөрийгөө таньж, харилцаагаа сайжруулахад үнэтэй тус болдог. Ингээд танд сэтгэл зүйн шинжлэх ухаанаар нотлогдсон, олны мэддэггүй дараах сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Бидний ихэнх нь өөртэйгээ төсөөтэй үзэл бодол, зан чанартай хүмүүст илүү татагддаг. Сэтгэл судлаач Донн Бирнийн “Төсөөтэй таталцлын онол”-оор ижил зан төлөв бүхий хүмүүс хоорондоо илүү амар ойлголцож, тав тухтай мэдрэмж үүсгэх магадлал өндөр байдаг ажээ. Хосуудын харилцааг судалсан олон улсын томоохон судалгаагаар ч энэ онол батлагдсан бөгөөд хосуудын 82–89 хувь нь ижил төстэй зан чанартай байдаг нь “эсрэг хүмүүс татагддаг” гэсэн нийтлэг ойлголтыг үгүйсгэж байна.
Мөн ухаантай хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө дутуу үнэлж, мэдлэг багатай хүмүүс өөрсдийгөө хэт өндрөөр үнэлэх хандлагатай байдаг. Энэ үзэгдлийг “Даннинг-Крюгерийн эффект” гэж нэрлэдэг бөгөөд өөрийгөө буруугаар үнэлэх байдал нь бодит байдалтай зөрчилдөж, аливаа нөхцөлд алдаа гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Харилцаанд чимээгүй байдлыг зөв ашиглах нь хүссэн үр дүнд хүрэх хүчтэй арга болдгийг сэтгэл зүйчид онцолдог. Ярилцаж буй хүн үгээ дуусгасны дараа шууд хариулахын оронд түр чимээгүй байх нь тухайн хүнд илүү дэлгэрэнгүй, бодлоготой хариу өгөх сэдлийг төрүүлдэг. Энэ байдал нь хэлэлцээр болон яриа хөөрөөнд итгэл төрүүлж, илүү гүн утгатай, үр дүнтэй харилцааг бий болгодог ажээ.
Сэтгэл хөдлөлийн түвшинд ч сэтгэл зүйн сонирхолтой нөлөөллүүд бий. Жишээлбэл, хайртай хүнийхээ гараас барих нь бидний стрессийг бууруулж, тайвшрал авчирдаг. Энэ үед тархинд окситоцин даавар ялгарч, айдас, сандрал багасдаг байна. Түүнчлэн зүрхний хэм болон даралт тогтворжих нь аюулгүй мэдрэмжийг бий болгодог.
Төлөвлөгөөтэй байх нь ухаалаг мэт боловч, хоёр дахь буюу “B” төлөвлөгөө байснаар бид эхний төлөвлөгөөндөө хангалттай анхаарал хандуулахгүй байх магадлалтай. “Хэрвээ энэ бүтэлгүйтвэл өөр сонголт надад бий” гэсэн хандлага анхны төлөвлөгөөгөө биелүүлэх эрмэлзлийг бууруулж, амжилтгүй болгох эрсдэлийг дагуулдаг ажээ.
Бидний тархи олон зүйлийг зэрэг гүйцэтгэх чадвар хязгаартай. Судалгаагаар нэгэн зэрэг хоёр өөр танин мэдэхүйн үйл ажиллагаа хийх нь үр дүнгүй гэж үздэг. Жишээлбэл, ном унших, эсвэл бичиж байхдаа хөгжим сонсох нь анхаарлаа сарниулах шалтгаан болдог. Харин алхах зэрэг рефлекс үйлдлүүдийн үед хослуулж болох ч анхаарал алдах магадлал үргэлж дагалддаг.
Нийгмийн харилцаа хүний амьдралд маш чухал нөлөөтэй. Харвардын их сургуулийн судалгаагаар найз нөхөдгүй, нийгмээс тусгаарлагдсан байдал нь тамхи татахтай дүйцэхүйц эрүүл мэндэд хортой нөлөөтэй болох нь тогтоогдсон. Ийм тусгаарлал нь сэтгэл гутрал, дархлаа сулрах, зүрх судасны өвчин, буруу амьдралын хэв маяг зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг байна.
Сэтгэл зүйн эдгээр баримтууд нь өөрийгөө ойлгож, харилцаагаа сайжруулахад тань тусална. Тиймээс аливаа нөхцөл байдалд илүү мэдрэмжтэй, ухаалаг хандахад энэхүү мэдлэг чухал үүрэг гүйцэтгэнэ.